Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжид халиа, тошин үүсжээ.
Энэ тухай "Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-аас "Халиа, тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжид барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь үерийн хамгаалалтын байгууламжийн хязгаарлалтын зурваст тулган барилгын суурийн ухалт хийснээс нуралт үүсгэж, улмаар сувгийг хог, шороогоор бөглөсөн байдал үүссэн байна.
Түүнчлэн орц, гарц гаргах зорилгоор суваг дээр хавтан тавьж битүүлсэн нь усны урсцыг хааж, халиа тошин үүсэхэд нөлөөлжээ.
Уг зөрчлийг гаргасан аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, үерийн хамгаалалтын сувгийг цэвэрлэж чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн энэ сарын 19-нд барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд өвлийн улиралд их хэмжээний хөрсний усыг зөвшөөрөлгүйгээр шавхсаны улмаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны гүүрэн доор халиа үүссэн. Уг зөрчилд холбогдсон буруутай аж ахуйн нэгжүүдээр зөрчлийг өөрсдөөр нь арилгуулсан" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!