Ливи улсын армийн командлагч, дөрвөн офицер, нислэгийн багийн гурван гишүүнийг тээвэрлэж явсан хувийн онгоц өчигдөр Туркийн нийслэл Анкарагаас хөөрсний дараа осолджээ.
Үүний улмаас онгоцонд явсан бүх хүн амиа алдсан байна.
Ливийн албаныхан ослын шалтгааныг онгоцонд гарсан техникийн доголдолтой холбоотой гэж тайлбарлажээ.
Ливийн зэвсэгт хүчний төлөөлөгчид хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Турк улсад айлчлаад буцахдаа ийнхүү осолдсон юм байна.
Ливийн ерөнхий сайд Абдул-Хамид Дбейба уг ослоор генерал Мухаммад Али Ахмад аль-Хаддад амиа алдсаныг баталж, үүнийг тус улсын хувьд “том гарз” гэж тодорхойлжээ.
Аль-Хаддад бол хоёр хэсэгт хуваагдсан Ливи улсын баруун хэсгийн армийн командлагч байсан юм. Тэрбээр баруун, зүүн Ливийн зэвсэгт хүчнүүдийг нэгтгэх НҮБ-ын зуучилсан яриа хэлэлцээнд чухал үүрэгтэй хүн байжээ.
Falcon 50 загварын хувийн нисэх онгоцны сэгийг Анкарагаас өмнө зүгт 70 км зайтай оршдог Кесиккавак тосгоны ойролцоогоос олсныг Туркийн албаныхан мэдээлсэн байна.
Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликаяа онгоц оройн 8:30 цагт хөөрснөөсөө хойш 40 минутын дараа холбоо тасарсныг сошиал хуудсаараа мэдээлжээ. Холбоо тасрахаас өмнө онгоцны нисгэгчид ослын буулт хийх хүсэлтийг нислэгийг удирдах төвд ирүүлж байсан гэнэ.
Генерал Аль-Хаддад буцахаасаа өмнө Туркийн батлан хамгаалахын сайд Ясар Гюлер болон бусад албаныхантай уулзсан юм байна.
Туркийн хууль зүйн яам онгоцны ослын шалтгааныг тогтоох ажилд дөрвөн прокурор томилсныг мэдэгджээ.
Ливийн засгийн газар бас ослын шалтгааныг тогтоох ажилд Туркийн талтай хамтран ажиллах багийг Анкара руу илгээсэн байна.
Дарангуйлагч Муаммар Каддафийг түлхэн унагасан 2011 оны бослогын дараа Ливи улс баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдсан юм.
Баруун хэсгийг нийслэл Триполид төвлөрдөг НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн засгийн газар хянадаг бол зүүн хэсгийг гадаадаас дэмжлэгтэй өрсөлдөгч зэвсэгт бүлэглэлүүд хянадаг.
Турк улс Ливийн баруун хэсгийн засгийн газартай холбоотон бөгөөд саяхнаас зүүн хэсгийн эрх баригчидтай бас харилцаагаа сайжруулах алхам хийж эхэлсэн юм.
Генералын айлчлалын өмнөх өдөр буюу Даваа гарагт Туркийн парламент тус улсын цэргийн хүчний Ливид байрлах хугацааг хоёр жилээр сунгах шийдвэр гаргажээ.
2019 онд Триполийн засгийн газартай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа Туркийн цэрэг Ливид байрлах болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!