Уншиж байна ...

Япон улс дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцаа дахин ажиллуулахаар боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улс дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станц болох Кашивазаки-Каривагийн үйл ажиллагааг сэргээхээр болжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Нийгата мужийн хууль тогтоогчид тус станцыг хэсэгчлэн ажиллуулж эхлэхийг олонхын саналаар зөвшөөрсөн байна.

2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа Япон улсад цөмийн эрчим хүчний үүсгүүрийн аюулгүй байдалд итгэх итгэл суларч, нийт 54 реакторыг зогсоож байсан бол одоо түрүүчээс нь дахин ашиглаж эхлээд байгаа.

Нийгата мужийн захирагч Хидео Ханазүми өнгөрсөн сард станцыг сэргээн ажиллуулах санаачилга гаргасныг мужийн иргэдийн хурал дэмжжээ.

2011 оны газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн үеэр Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гурван осол дараалан гарч байв.

Гэсэн хэдий ч чулуужсан түлшнээс хамааралтай байгаль орчны бохирдол, эдийн засгийн зардал Японы шинэ ерөнхий сайд Санае Такаичийг цөмийн реакторуудаа дахин ажиллуулахад хүргэж байна.

Одоогоор хаагдсан 33 станцын 14 нь дахин ажиллаж эхлээд байгаа.

Гэхдээ Кашивазаки-Карива нь Фүкүшимагийн станцыг ажиллуулж байсан Tokyo Electric Power Co (TEPCO) компанийн хувьд сэргээсэн анхны станц гэдгээрээ онцлог юм.

TEPCO уг станцын долоон реакторын эхнийхийг нэгдүгээр сарын 20-нд ажиллуулж эхлэхээр төлөвлөснийг NHK суваг мэдээлжээ.

Зөвхөн энэ реактор Токио орчмын эрчим хүчний хангамжийг 2 хувиар нэмэгдүүлэхийг эрх баригчид тооцоолсон байна.

Гэхдээ Нийгата мужийн захиргааны шийдвэр нийгмийг талцуулаад байгаа юм.

Санал хураалтын өдөр захиргааны байрны гадaа цөмийн станцыг дахин ажиллуулахыг эсэргүүцсэн 300 орчим хүн цугларсан байлаа.

Япон улс өнгөрсөн онд гадаадаас шингэрүүлсэн хий, нүүрс худалдаж авахад 10.7 их наяд иен ($68 тэрбум) зарцуулсан нь нийт импортын зардлын аравны нэг болжээ.

Хоёр сарын өмнө ерөнхий сайдаар томилогдсон Санае Такаичи эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын түлшнээс хараат байдлаа зогсоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг үндэслэлээр цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press