Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замыг барихаар төлөвлөснөөс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна хэмээн мэдээлээд буй. Эдгээрийн төсөвт өртгийг нийслэлийн ирэх оны төсөвт дараах байдлаар тусгаж, баталсан байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд уулын авто зам дагуу явган хүний болон дугуйн зам тавих юм байна. Энэхүү тохижилтод нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
Сэлбэ голын эрэг дагуу дугуйн зам тавих нийслэлийн нийт төсөвт өртөг 478 сая төгрөг бөгөөд ирэх онд бүтээн байгуулалтыг 95.7 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
Чойжин ламын сүм музейн баруун, зүүн талд явган хүний болон дугуйн замыг шинээр барихад 179 сая төгрөгийг баталжээ. Нийт төсөвт өртөг 1.1 тэрбум төгрөг.
Харин Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг тойрсон бетон суурьтай төмөр хашааг нурааж, явган хүний болон дугуйн зам тавих нийт төсөвт өртөг 108 сая төгрөг бөгөөд үүнээс ирэх онд 24 сая төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
Ногоон нуурын гудамжны хоёр талын явган хүний болон дугуйн зам, авто зогсоол байгуулах тохижилтын ажлын нийт төсөвт өртөг 5.6 тэрбум төгрөг, үүнээс ирэх онд 833 саяыг төсөвлөсөн байна.
Ирэх онд Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Өнгөрсөн онд 2025 онд 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл хэрэгжүүлснээс 73,410 ам.метр талбайг угсарч дуусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!