Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 178 тоот тогтоолоор Монгол Улсад 90 хүртэл хоногоор жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн.
Сүүлийн жилүүдэд солонгос жуулчид олноороо ирж буй нэг үндэслэл нь энэхүү шийдвэр юм. Тухайлбал 2024 онд Монголд 200,000 орчим солонгос жуулчин ирсэн байдаг. Энэ нь БНХАУ, ОХУ-ын жуулчдын тоотой дүйхүйц үзүүлэлт болж байлаа.
Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан "Physical Asia", тус шоуны оролцогчдын Монголд аялсан талаар тун удахгүй цацагдах "Physical: Welcome to Mongolia" зэрэг шоуны нөлөөгөөр 2026 онд Солонгос төдийгүй олон улсаас жуулчид ихээр ирэх магадлал өндөр бий. Гэтэл он дуусахад 10 хүрэхгүй хоног үлдээд буй энэ хугацаанд Засгийн газраас БНСУ-ын жуулчидтай холбоотой шийдвэр гаргаагүй байгаа нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хүндрэл учруулж буй аж.
Учир нь визийн шаардлагаас үргэлжлүүлэн чөлөөлөх үү, эсвэл чөлөөлсөн хугацааг дуусгавар болгох уу гэдгээ мэдэгдвэл аяллын үйлчилгээгээ төлөвлөх, жуулчдадаа визийн мэдүүлэг заавар зөвлөмж хүргэх зэргээр дараагийн алхмуудаа хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэвч одоогоор тодорхой бус хүлээлтийн байдалтай байгаагаа компаниудын төлөөлөл хэлж байв.
2024 онд манай улсад гадаадаас 808,956 жуулчин ирж, аялсан. Үүний бараг 1/4 нь БНСУ-ын жуулчид юм.
График,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!