АНУ-ын технологийн аварга компани Умард Солонгосын агентуудаас ирсэн байж болзошгүй ажилд орох 1,800 гаруй өргөдлийг цуцалсан тухай тус компанийн удирдлага мэдээлжээ.
Амазон компанийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Стефен Шмидт бусдын хулгайд алдсан, эсвэл хуурамч бичиг баримт ашиглан Умард Солонгосын тагнуулууд ийм ажиллагаа явуулдаг талаар Линкэдин хуудсандаа өчигдөр тайлбарлан бичсэн байна.
“Тэдний зорилго ерөнхийдөө энгийн байдаг. Ажилд орох, цалин авах, цалингаа дэглэмийн цөмийн хөтөлбөрийн санхүүжилтэд зориулах” гэж тэр бичээд ийм нууц ажиллагаа нийт мэдээллийн технологийн салбарт, ялангуяа АНУ-д өргөн хүрээнд явагдаж байж болзошгүйг анхааруулжээ.
АНУ болон Өмнөд Солонгосын аюулаас хамгаалах албаныхан Умард Солонгосын дэглэм онлайн луйврын үйл ажиллагаа явуулдаг талаар байнга анхааруулдаг.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Амазон компанид Умард Солонгосын агентуудаас ирдэг ажилд орох өргөдлийн тоо өмнөх жилээс гуравны нэгээр нэмэгдсэнийг Шмидт баталжээ.
Тэд ингэхдээ АНУ-д байрладаг компьютеруудыг (“laptop farm“ гэгддэг) алсын зайнаас ашиглах замаар ханддаг гэнэ.
Амазон үүнээс сэргийлэхийн тулд хиймэл оюунтай багаж хэрэгслүүд болон хүмүүсийн хүчийг хослуулан ашиглаж байгааг Шмидт мэдээлжээ.
Тэрбээр Умард Солонгосын агентуудын гаргадаг нийтлэг алдаануудын жишээг дурдаж, эдгээрийг анхааралдаа авахыг нийт салбарын компаниудад зөвлөсөн байна.
Энэ оны зургаадугаар сард АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын мэргэжилтнүүдийн алсын зайнаас хууль бус үйлдэлд ашигладаг 29 “laptop farm” илрүүлснээ зарлаж байв.
Хулгайлагдсан болон гээсэн Америкчуудын бичиг баримтыг ашиглан ажилд орсон Умард Солонгосын мэргэжилтнүүд компаниудад зайнаас гэрээгээр ажилладаг юм байна.
Бас тэдэнд тусалдаг АНУ-ын зуучлагчид байдаг гэнэ.
АНУ-ын 300 гаруй компанид Умард Солонгосын мэргэжилтнүүдийг ажилд оруулж өгсөн нэг эмэгтэй долдугаар сард шүүхээс найман жилийн хорих ял сонсож байжээ.
Тэрбээр ийм аргаар нийт $17 сая гаруйн орлого олсноо Пёняны дэглэмтэй хуваалцсаныг АНУ-ын хууль зүйн яам мэдээлж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!