Уншиж байна ...

Ж.Дэлгэржаргал: “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг монгол компаниудаар үргэлжлүүлж дуусгах хүсэлт өгсөн

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийн асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Сангийн яам гадаад зээлийн ашиглалттай холбоотой гэрээний нөхцөл дээр маш муу сууж байгаагийн нэг илэрхийлэл нь “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл юм. 2024 оноос хойш гацсан атлаа хүүд нь 600 сая төгрөг төлөөд явж байна. Тэгэхээр энэ дээр Хөгжлийн банкийг ашиглалтад оруулах хэрэгтэй. 

“10 аймгийн төвд дулааны станц барих” төслийн талаар мэдээлэл авъя. 

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл нь УИХ-аар соёрхон батлагдсан, БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр явж байгаа. Манай гадаад зээлийн төслүүд хууль эрх зүйн хувьд нэг зохицуулалттай. 

Зээлийн хэлэлцээр байгуулаад зээл авахдаа донор орны шаардлага, дотооддоо Өрийн удирдлагын тухай хуулиа бариад баталдаг. Яг хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа нь санхүүжүүлэгчийн дүрмээр явдаг. “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл нь БНСУ-ын Эксим банкны худалдан авах журмаар явж байгаа.

Гүйцэтгэгчийг анхны хэлэлцээр дээр Солонгосынх байна гэх шаардлагын хүрээнд Эксим банк гэрээ болон гүйцэтгэгчид зөвшөөрөл олгосон. Хэрэгжилтийн явцад цар тахлын үеийн үнийн өсөлтөөс үүдээд үндсэн гүйцэтгэгч компани дампуурсан. Солонгосын хуулиар бол шүүхийн процесс яваад дампуурлаа зарласан.

Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг Эксим банк, Эрчим хүчний яам, Сангийн яам хооронд хэлэлцээрийг байнга хийж байгаа. Одоогийн процесс бол үндсэн зээлийн хэлэлцээрийн хугацаанд нэмэлт санхүүжилт үүсэхгүйгээр зээлийн хөрөнгө дээр дахин худалдан авалт зарлаад, үндсэн гүйцэтгэгчийг шалгаруулж төсөл дуусгахаар явж байна. 

Нөгөө талдаа гүйцэтгэгч дампуурсантай холбогдуулан гүйцэтгэлийн баталгаа болох 5 сая ам.долларыг Монголын Засгийн газар татаж авсан. Урьдчилгаа төлбөрийг татаж авах процессын ажил явж байна. 

Эксим банк болон Эрчим хүчний яам, Солонгосын Санхүү, Эдийн засгийн яамтай хэлэлцээр хийгээд Солонгосын Эксим банкнаас хөндлөнгийн зөвлөх компани шалгаруулаад бүх аймгаар яваад тайлан эцэслэгдэж байна. Бодит ажил юу хийгдсэн, төслийг дуусгахад хэр хугацаанд ямар хөрөнгө шаардлагатай тайланг Эксим банк өөрөө санхүүжүүлээд тайлангаа энэ сард багтаж бидэнд өгнө. 

Энэ дүгнэлтэд үндэслээд дахин сонгон шалгаруулалтыг ирэх нэгдүгээр сард зохион байгуулна. Манай талаас Солонгосын компани биш, монгол компаниудаар үргэлжлүүлж дуусгах хүсэлтээ өгсөн. Энэ төслийг Эрчим хүчний яам хариуцан үргэлжлүүлж дуусгана.

видео: