АНУ-ын зэвсэгт хүчин энэ сард Венесуэлийн эрэг орчмоос хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг олзолж аваад байгаа.
Сүүлийнхийг нь өнгөрсөн Бямба гарагт олзолсон юм.
Тэгвэл Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хурааж авсан хөлгүүд болон тэдний тээвэрлэж явсан түүхий газрын тосыг яах бодолтой байгаа талаараа мэдээлжээ.
“Бид эдгээрийг одоохондоо хадгалах болно. Магадгүй цаашдаа зарах, эсвэл үргэлжлүүлэн хадгалж болох юм. Стратегийн нөөцдөө авах ч боломжтой. Тээвэрлэгч хөлгүүдийг бас адилхан” гэж тэр хэлсэн байна.
Трампын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдыг газрын тосны орлогоороо хар тамхины гэмт хэргийг санхүүжүүлдэг гэж авсан арга хэмжээгээ зөвтгөдөг. Харин Каракас үүнийг “далайн дээрэм” гэж буруутгаж байна.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан одоо Венесуэлийн гурав дахь тээвэрлэгчийн араас мөрдөж байгаа гэсэн мэдээлэл бий.
Венесуэлийн дэглэм АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд “харанхуйн флот” гэгддэг хууль бус тээвэрлэгч хөлгүүдийг газрын тос экспортлохдоо ашигладаг.
Гурав дахь тээвэрлэгчийн талаар Трамп “Тэнгист яваа энэ хөлгийг бид удахгүй олзолно” гэж хэлжээ.
Даваа гарагт бас АНУ-ын зэвсэгт хүчин Номхон далайн зүүн хэсэгт хөвж явсан хар тамхи тээвэрлэгч завийг нэг хүний хамт устгаснаа мэдээлсэн юм.
Дээрх үйл ажиллагаанууд нь Мадурогийн дэглэмийг түлхэн унагах эцсийн зорилготой эсэхийг Трампаас асуухад “За магадгүй юм. Гэхдээ энэ нь түүний юу хийхээс хамаарна. Миний бодлоор тэр одоо ухаантай хөдлөх цаг болсон. Бид түүний яах бодолтой байгааг удахгүй мэдэх болно” гэж хариулжээ.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш АНУ-ын зэвсэгт хүчин Карибын тэнгис болон Номхон далайд хар тамхи тээвэрлэгчдийг олноор нь устгасны улмаас нийтдээ 100 орчим хүн алагдсан гэж үздэг.
Гэхдээ дээрх завинууд бүгд хар тамхи тээвэрлэж байсан гэх ил тод нотолгоо байхгүй байгаа.
Тиймээс Трампын явуулж буй ажиллагаа хууль ёсны байж чадах эсэхэд итгэх Конгрессын итгэл алдарсаар байна.
Трамп сая хэлэхдээ АНУ ойрын үед хуурай газарт ижил төстэй ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг сэтгүүлчдэд дуулгажээ.
“Бид ижил арга хэмжээг хуурай газарт хэрэгжүүлэх болно. Хэрвээ тэд хуурай газраар тээвэрлэхийг оролдвол том асуудалтай тулгарна. Бид ард түмнээ хордуулах хүсэлгүй байгаа тул тэднийг сүйрүүлэх болно” гэж Трамп хэлсэн байна.
Тэгвэл тухайн өдөр Венесуэлийн төв телевизээр ярихдаа Мадуро “Тэр өөрийн улсын эдийн засаг, нийгмийн асуудлуудаа анхаарсан нь дээр. Ингэвэл нийт дэлхий дахинд илүү хэрэгтэй байна” гэж Трампын үйл ажиллагааг шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!