Уншиж байна ...

Б.Энхтүвшин: Сүүлийн гурав хоногт 54-65 вагон АИ-92 шатахуун орж ирсэн

Б.Бадамгарав, IKon.mn
4 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахуун түлшний нийлүүлэлтийн нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж буйгаа Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас өнөөдөр танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Шатахууны хомсдол иргэдийг бухимдуулж байгаа. Нийлүүлэгч нартай нягт холбоотой ажиллаж байгаа. 

Өнгөрсөн долоо хоногт Оросын талынхан айлчлах үеэр нөхцөл байдлаа ярьж, нийлүүлэлт нэмэгдүүлэх хүсэлт өгсөн. Энэ сард авахаар баталгаажуулсан шатахууны 60 хүрэхгүй хувь нь Монгол Улсын хилээр орж ирсэн. Долоо хоногийн хугацаанд үлдсэн 40 гаруй хувь буюу 30,000 гаруй тонн АИ-92 шатахуун татан авч байж Монголын энэ сарын хэрэгцээг хангах юм.

Шаардлагатай нөөц, нэмэгдэл авах хүсэлтээ ОХУ-д тогтмол өгч байгаа. Гэхдээ бид ОХУ-ын дотоод асуудалд оролцох боломжгүй, бас Ангарскийн үйлдвэр нь ачааллаа дийлэхгүй байх шиг байна. Харин өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтаас хойш сүүлийн гурав хоногт 63, 65, 54 вагон шатахуун орж ирсэн. Өнөөдөр мөн 50 гаруй вагон орж ирсэн гэсэн мэдээлэл авлаа" гэлээ.

Тус яамнаас болон Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ)-аас баг гарч шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн байна. Ингэхэд ямар зөрчлүүд илэрсэн талаар Дэд сайд Б.Энхтүвшин "5-6 тоннтой ШТС-ууд хаалгаа түгжээд унтсан, бид нар ядраад байна гээд түгээгч нар хаалгаа онгойлгохгүй байх, бага хэмжээний нөөцтэй ч зарахгүй байх зэрэг нийтлэг зөрчил гарсныг газар дээр нь арилгуулсан. 

Мөн өнөө өглөө нэг түгээгчийн биед халдсан нь тогтоогдлоо. Савтай 15 литр бензинийг 170,000 төгрөгөөр хүргэх, ирээд авбал 6,000 төгрөгөөр зарна гэх мэтчилэн шаглах байдал гарсныг цагдаагийн байгууллагад шилжүүлээ" гэв.

Манай улсад шатахуун, түлш импортоор оруулж ирэх зөвшөөрөлтэй 178, бөөний үйл ажиллагаа эрхлэх 192, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 194 аж ахуйн нэгж байдаг аж. Гэвч эдгээрээс ердөө 10 орчим нь импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг байна.