Олон Улсын Биатлоны Холбоо (IBU)-ноос өчигдөр Норвегийн биатлонч Сиверт Гютторм Баккенийг 27 насандаа өөд болсныг албан ёсоор зарлажээ.
Италид бэлтгэлээ базааж байсан норвеги тамирчныг зочид буудалдаа нас барсан болохыг цагдаагийнхан олсон байна.
Одоогоор түүнийг юуны улмаас амиа алдахад хүрснийг нарийн тогтоогоогүй байгаа аж.
Талийгаач 2022 онд Дэлхийн Цомын тэмцээнд түрүүлж байсан билээ. Мөн ирэх хоёрдугаар сард Италид болох Өвлийн олимпод улсаа төлөөлөн оролцохоор төлөвлөж байсан юм.
Тэрбээр 2016 онд Норвегийн Лиллехаммер хотод болсон Залуучуудын өвлийн олимпоос хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр анх олны анхааралд өртөж байжээ. Үүнээс хойш залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс нэг мөнгө, хоёр хүрэл, тивийнхээ аваргаас гурван алт, нэг хүрэл медаль зүүсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!