"Багануурын дулааны станцад өнөө маргаашгүй осол гарахад бэлэн болсон байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч нар “Багануур” ХК-д өнөөдөр ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргажээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Багануурын уурхай жилд 4.8 сая тонн нүүрсийг олборлож, Улаанбаатар хотын гол станцуудын нүүрсний 70-80 хувийг хангадаг. Уурхай салбарын үнийн зохицуулалтаас шалтгаалж алдагдалтай ажилладаг. Цаашид шинэчлэх, үр өгөөжтэй ашиглах шаардлагатай байна. Багануурын дулааны станц 60 жилийн насжилттай, ТЭЦ-4 шиг өнөө маргаашгүй осол гарахад дөхсөн байдалтай байна.

Багануурт 150 МВт-ын дулааны станцыг барих зураг, төслийг боловсруулах ажил дуусах шатандаа орсон. Хуучин дулааны станц учраас зөвхөн өвлийн улиралд ажилладаг, тариф бага учир алдагдалтай, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй тул цахилгаан, дулаан, батарейн хосолмол болгох ажлыг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой. Харин станц биеэ дааж ажиллахад урсгал зардлаа нөхөх боломжтой байдаг. Энэ талаар ойрын хугацаанд судалж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо" гэж мэдээллээ.

Хагас коксон түлшний үйлдвэр барих тухайд "Энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 35%-аар буурсан нь дулааны аргаар боловсруулан жигнэж хорт элементүүдийг ялгаж авсан хөх нүүрсийг/хагас кокс/ түлсэнтэй холбоотой. Багануурын уурхайг түшиглэж хөх нүүрсний үйлдвэрийг барих асуудлыг ярилцлаа. Багануурын уурхайн 3,300 Ккал илчлэгтэй нүүрсийг угааж баяжуулан хөх нүүрс болгох нүүрс пиролизын үйлдвэрийг байгуулах ажлыг Эрдэнэс Монгол компани хариуцаж байна.

Улаанбаатар хотын жилийн нүүрсний хэрэглээ 450-500 мянган тонн байдгаас 100 мянган тонн нь хөдөө орон нутаг руу албан бусаар гардаг мэдээлэл бий.

Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж 2030 онд нийслэл хотод 200 мянган тонн нүүрсийг өвөл хэрэглэдэг болно. Гэхдээ одоогоор найман аймгийн төвд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байна. Тиймээс Монгол Улсын хэмжээнд хөх нүүрсний хэрэглээ байгаа тул EPC+F нөхцөлтэй тендер зарлах, үйлдвэрлэгч өөрөө зээлийн баталгаанд суурилж санхүүжүүлэх нөхцөлөөр үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг өнөөдөр танилцууллаа" гэж мэдээллээ.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж.