Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг байна. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын үйл ажиллагаа явуулж иржээ.
Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн Архивын газар 1958 онд байгуулагдсан. Нийслэлийн 1.6 сая иргэний болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хадгаламжийн нэгжүүдийн 32 сая гаруй хуудас баримтыг хадгалдаг.
Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэсэн ч архивын зориулалтын байргүй. Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах шаардлагатай. Тоног төхөөрөмж хэт хуучирсан байдалтай байна. Иргэн, ААНБ-ын үүх түүх, эдийн засгийн болон эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байдаг чухал зүйл бол архивын баримт.
Мөн оюутнууд, дотоод, гадаадын судлаачид баримттай ажиллах, баримтыг эргэлтэд оруулах, иргэдэд илүү хүрч ажиллахад зориулалтын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахимжуулах гэсэн гурван ажил чухал үр нөлөөтэй” гэв.
2025 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн архивт хадгалагдаж буй цаасан суурьт баримтуудын 52.5 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж.
Нийслэлийн зүгээс архивын байрыг шийдэх болон 32 сая хуудас архивын баримтыг хамгаалж үлдэх, цахимжуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж, цахим архив бүрдүүлэхэд Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “ТИКА”-тай хамтран ажиллах талаар санал солилцохоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!