Уншиж байна ...

Энэтхэгт дэгдсэн нипах вирусийн халдварын улмаас Азийн орнууд хилийн хяналтаа чангатгаж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын Баруун Бенгал мужид үхлийн аюултай Нипах вирусийн халдвар дэгдсэн нь Азийн орнуудыг түгшээж, хилийн үзлэг хяналтаа чангатгахад хүрээд байна.

Тухайлбал Тайланд улс Ням гарагаас эхлэн Баруун Бенгалаас онгоц хүлээж авдаг гурван нисэх буудал дээрээ Энэтхэгээс ирсэн зорчигчдын эрүүл мэндийг шалгаж эхэлжээ.

Балба улс бас нийслэл Катманду хотын нисэх буудал болон Энэтхэгтэй залгаа хилийн боомтууд дээр ижил арга хэмжээ авч эхэлсэн байна.

Арванхоёрдугаар сараас хойш Баруун Бенгалд халдварын хоёр тохиолдол батлагдсан нь эмнэлгийн ажилтнууд байсан юм.

Тэдэнтэй харилцсан 196 орчим хүнийг мөрдөж, шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг Энэтхэгийн эрүүл мэндийн яам мэдээлсэн.

Нипах вирус нь амьтнаас хүнд халдварлах боломжтой. Үүнийг эмчлэх эм, вакцин байхгүй бөгөөд үхлийн хувь нь маш өндөр буюу 40-75 хувийн хооронд байдаг.

Гахай, жимсний сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд халдварласан вирус хүнээс хүнд хоол хүнсээр дамжин халдварлах боломжтой юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нипах вирусийг Covid-19, Зика зэрэг өвчин тараагчдын хамт хамгийн аюултай арван өвчний жагсаалтад оруулсан байдаг.

Уг вирус халдварласны дараа анхны шинж тэмдэг илрэх хүртэл хугацаа дөрвөөс 14 хоног юм.

Нипах вирус халдварласан хүмүүст олон төрлийн шинж тэмдэг илэрдэг, бас заримдаа огт илрэхгүй байх тохиолдол ч бий.

Түгээмэл шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх. Зарим тохиолдолд нойрмоглох, ухаан алдах, уушгины хатгалгаа авах зэргээр илэрдэг байна.

Хүндэрсэн тохиолдолд тархины үрэвсэл үүсгэдэг үхлийн аюултай өвчин болох энцефалитис үүсэх магадлалтай.

Нипах вирусийг анх 1998 онд Малайзын гахайн фермүүдэд дэгдэж, хөрш Сингапурт тархахад илрүүлж байжээ.

Тиймээс уг вирусийг анх дэгдсэн тосгоны нэрээр нь нэрлэсэн юм.

Анхны энэ дэгдэлтийн үеэр 100 гаруй хүн нас барж, сая орчим гахайг устгаж байжээ.

Сүүлийн жилүүдэд Бангладеш улсад нипах вирусийн дэгдэлт хамгийн түгээмэл гарч байгаа. 2001 оноос хойш тус улсад 100 гаруй хүн энэ вирусийн халдварын улмаас амиа алджээ.

Хөрш Энэтхэг улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онуудад дэгдэлт бүртгэгдэж байв.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн өмнөд бүсийн Керала муж нипах вирусийн тархалтын голомт болоод байгаа. 2018 онд энд 19 тохиолдол бүртгэгдсэний 17 нь нас барсан бол 2023 онд зургаан тохиолдол батлагдсаны хоёр нь амиа алдаж байжээ.

Энэтхэгт гарсан дэгдэлттэй зэрэгцэн Тайванийн эрүүл мэндийн байгууллагууд Нипах вирусийг “тавдугаар ангиллын халдварт өвчин” ангилалд оруулах санал гаргасан байна. Тус арлын эрүүл мэндийн систем энэ ангилалд багтсан өвчнийг нийтийн эрүүл мэндэд ноцтой аюултай гэж үздэг бөгөөд дэгдсэн тохиолдолд тусгай хяналтын арга хэмжээ авах журамтай байдаг.

 

Эх сурвалж: BBC