Уншиж байна ...

Оросын нисгэгчгүй онгоц Украины зорчигч тээврийн галт тэрэгт довтолсны улмаас таван хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Украины зүүн хойд бүс нутагт зорчигч тээврийн галт тэрэг Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний улмаас таван хүний амь үрэгджээ.

Уг галт тэрэг Украины Унгар, Словак улсуудтай залгаа хилийн ойролцоох Чоп хотоос Харьков мужийн Барвинкове хотын чиглэлд зорчиж байсан юм байна.

Онлайн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургууд шатаж буй хоёр вагоныг харуулжээ.

“Аль ч улсад иргэний галт тэрэгт дроноор довтлохыг терроризм гэж үзнэ. Үүнийг цэрэг дайны зорилготой ажиллагаа гэж үзэх ямар ч боломжгүй” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Тэрбээр энэхүү бөмбөгдөлтийг энх тайвны хүчин чармайлтыг хорлосон үйлдэл гэж нэрлээд Москвад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг холбоотнууддаа уриалжээ.

Украины прокурорын байгууллагын мэдээлснээр нэг дрон галт тэргийг оносон бол өөр хоёр дрон ойролцоо газарт туссан гэнэ.

Уг цуваанд нийт 200 гаруй хүн зорчиж байсан, цохилтод өртсөн вагонд 18 зорчигч байсныг Зеленский мэдээлжээ.

Украины засгийн газрын шадар сайд Олексий Кулеба гурван дроны халдлагыг “Оросын террорист үйлдэл” гэж буруушаасан байна.

Өчигдөр бас өмнөд бүсийн Одесса хот Оросын 50 гаруй нисгэгчгүй онгоцны дайралтад өртөх үеэр гурван хүн алагдаж, 30 гаруй хүн шархадсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Хар тэнгисийн боомт, Украины экспортын гол төв болдог энэ хот дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Оросын агаарын цохилтын бай болсоор ирсэн юм.

Шархадсан хүмүүсийн дотор 39 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй, хоёр охин байсныг Одесса мужийн захирагч Олег Кипер мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters