УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2026 оны 1-р сарын 27-ны өдөр “Монгол Улс 2026 онд: Итгэлцэл, эрх чөлөө, боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
АмЧам Монголын ТУЗ-ийн дэд тэргүүн Б.Соёл-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улс чухал эргэлтийн цэг дээр ирж байна. Бид бүхэнд эдийн засгаа тэлэх боломжууд байгаа юу гэж асуух биш харин тэдгээр боломжуудыг бодит болгох, цаашид авч хадгалах нөхцөлийг бүрдүүлж чадаж байна уу гэж асуух цагтай нүүр тулж ирлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн түлхүүр үг болох итгэлцлийг энгийн үгээр тайлбарлавал, итгэлцэл бол эдийн засгийг үржүүлэгч, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэгч гэж ойлгож болно. Итгэлцэл дээр суурилсан эдийн засаг нь бодлогын тогтвортой орчин, хуулийн засаглал, ил тод байдал дээр орших учиртай” хэмээв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн урилгаар оролцож, өнгөрөгч оны эдийн засгийн голлох үзүүлэлтүүд, ололт амжилтууд болон ирж буй жилийн өсөлтийн таамаг, реформуудын явцын талаар гишүүдэд танилцуулга хийлээ.
Дэд сайд С.Даваасүрэн танилцуулгын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлууд, хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх санаачилгууд, өнгөрсөн долоо хоногт үүд хаалгаа нээсэн “Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төв”-ийн үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны үр дүнд итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлж аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тэлэхэд бодлогоор дэмжинэ” гэлээ. Түүнчлэн, хууль, эрх зүйн орчныг сайжруулж хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монголын гишүүд сонирхсон асуултуудаа тавьж, санал солилцож, шинэ гишүүн байгууллагуудад гишүүнчлэлийн сертификат гардуулах ажиллагаагаар өндөрлөв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!