Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв.
Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй.
Албаны эх сурвалжаас тодруулснаар "Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, туршилтаар ажиллаж байгаа. Туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл буюу бүтэн жил үргэлжилж, энэ хугацаанд улсын комисс ажиллана.
Үүний дараагаар ашиглалтад орно" гэлээ.
Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Усан сангийн байгууламжууд нь 9 метрийн өндөртэй, 200 метр урт, 105 метр өргөн, 53 диаметрийн радиустай байна.
Байгууламж нь үнэргүйжүүлэх буюу хүхрийг ус төрөгчөөр уусгаж, шүүгээд агаарт үнэрийг арилгах, лагаар био хий гаргаж, лагийн процессын үйлдвэрлэлийн 35%-ийн цахилгаан, дулааныг хангах сүүлийн үеийн технологитой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!