Уншиж байна ...

Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр тус улсын тэргүүн хатагтай асны эхний ялын шийдвэрийг зарлана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хигийн хэргийн шүүх хурал өнөөдөр шийдвэрээ зарлах гэж байна.

Тэрбээр гурван бүлэг хэрэгт буруутгагдсаны эхний хэрэгт холбогдох ялын шийдвэр энэ болох юм.

Сөүл хотын төв тойргийн шүүх өнөөдөр орон нутгийн цагаар 14:10 цагт хурлаа эхлүүлэх бөгөөд үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулах гэнэ.

Хэрвээ тэргүүн хатагтай асан буруутай нь батлагдвал Өмнөд Солонгосын түүхэнд хоёул яллагдсан анхны ерөнхийлөгч асны гэр бүлийн хос болох юм.

Түүний нөхөр Юн Сүк Ёл 2024 онд улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргээр таван жилийн хорих ял сонссон бөгөөд одоо төрийн эсрэг бослого гаргасан зэрэг бусад хэрэгтээ илүү хүнд шийтгэл хүлээж болзошгүй байгаа.

Өнөөдрийн хурлаар тусгай прокурор Мин Жүн Кигийн багийн гаргасан Ким Кён Хид 15 жилийн хорих ял оноох хүсэлтийг хэлэлцэнэ.

Энэ нь үнэт цаасны хууль бус арилжаа явуулсан, Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас өндөр үнэтэй бэлэг авсан зэрэг хэргүүдэд төлөвлөсөн ял юм.

Тухайлбал тэргүүн хатагтай асан 2010-2012 онуудад BMW компанийн Өмнөд Солонгос дахь төлөөлөгч Deutsche Motors компанийн захирал асантай хуйвалдах замаар тус компанийн хувьцааны ханшид нөлөөлж, нийтдээ 810 сая воны ($565,170) хууль бус ашиг олсонд буруутгагдаж байна.

2022 онд бизнесийг нь дэмжсэний хариуд зуучлагчаар дамжуулан Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас 80 сая воны үнэ бүхий бэлэг авсанд бас буруутгагджээ.

Ким Кён Хи өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хоригдож байгаа юм.

Тэргүүн хатагтай асныг өөр хоёр шүүх хурал хүлээж байгаагийн нэг нь Эв Нэгдлийн Сүмийн гишүүдийг олноор нь гол сөрөг хүчин Ард Түмний Хүч намд элсүүлэхэд оролцсон, нөгөө нь төрийн албан тушаалд томилогдоход тусалсны төлөө өндөр үнэтэй бэлэг сэлт авсантай холбоотой ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News