Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлыг 2024 оны есдүгээр сард эхлүүлж, Урт цагаанд үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг оруулахаар болоод буй.
"Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвд хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм" хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Ахуйн үйлчилгээний төв нь хоёр блок бүхий зоорьгүй хоёр давхар барилга, гадна тохижилт, ногоон байгууламжаас бүрджээ. Гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий зүлэгжүүлэлт, мод суулгах ажлуудыг гүйцэтгэх юм байна.
Төвийн барилгын нэгдүгээр давхарт нийт 1,363 ам метр талбайд 30 ширхэг аж ахуйн нэгжийн үйлчилгээний талбай, гурван орц гарцыг барих бол хоёрдугаар давхарт 1,280 ам метр үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэргийг төлөвлөжээ.
Давхар бүрд тусгай хэрэгцээт иргэний болон эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй, нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнээс нийтийн хэрэгцээний ногоон байгууламж 18 хувь, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламж 12 хувийг эзлэхээр зураг төсөвт тусгажээ.
Бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Ти Эл прожект” ХХК, барилга угсралтын ажлыг “Шилдээд” ХХК гүйцэтгэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!