Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нипах вирусээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас энэ нь ямар замаар халдварладаг, халдварлалт, хүндрэл хэр хэмжээнд вэ зэрэг талаар мэдээлэл нийтэлснийг хүргэж байна.
Нипах вирус гэж юу вэ?
Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.
Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.
Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.
Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.
Өвчлөлийн нөхцөл байдал:
Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Энэтхэг Улсын Керала мужид дөрвөн хүн өвчилж, хоёр хүн нас барсан талаар мэдээлсэн байна.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.
Олон улсад тархах эрсдэл:
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан.
Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл:
Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан гурван эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна.
Гэхдээ ДЭМБ-аас албан ёсоор мэдээлээгүй байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!