Уншиж байна ...

АНУ-ын Конгрессын гишүүн олон нийттэй уулзах үеэрээ халдлагад өртөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Миннесота мужийн Миннеаполис хотын иргэдтэй уулзах арга хэмжээний үеэр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Илхан Омар халдлагад өртжээ.

Түүнийг дөнгөж үг хэлж эхлэх үед урд эгнээнд суусан нэг эр босож ирээд үл мэдэгдэх шингэнээр шүршсэн байна.

Аюулаас хамгаалах албаныхан халдагчийг тэр дор нь баривчилж танхимаас гаргасан бол Омар уулзалтаа зогсоолгүй цааш үргэлжлүүлжээ.

“Аюул заналхийлэлд бууж өгөх хэрэггүйг би багаасаа ойлгосон хүн” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Миннеаполис бол сүүлийн үед Трампын засах захиргааны хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааны төв цэг болоод байгаа газар. Өнгөрсөн хэдхэн өдрийн дотор энд уг үйл ажиллагааг эсэргүүцсэн хоёр иргэн албан хаагчдад буудуулж алагдсан юм.

Сүүлийн жилүүдэд Конгрессын гишүүдэд заналхийлэх үзэгдэл өсөж байгаа бөгөөд Сомалийн цагаач Омар үүнд бусдаасаа илүү олон өртөх болсон.

Конгрессын гишүүд болон тэдний гэр бүл, ажилтнуудыг чиглэсэн шууд заналхийлэл 2024 онд 9,500 орчим удаа гарсныг АНУ-ын нийслэлийн цагдаагийн газар мэдээлжээ. Харьцуулбал энэ нь 2017 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Конгрессын гишүүдээс Ардчилсан Намын төлөөлөгч Омар амь насанд нь халдах хамгийн олон заналхийлэлтэй тулгарч байв. Үүнийг ерөнхийлөгч Трамп байнга түүн рүү дайрч давшилсан үг хэлдэгтэй холбож үздэг.

Саяны халдлагаас хэдхэн цагийн өмнө Айова мужид үг хэлэхдээ Трамп “Тэр гамшиг болсон улсаас ирсэн хүн. Бүр улс гэж хэлэхэд ч хэцүү” гэж Омарын уг гарлын талаар ярьж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian