2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгт аюулгүй байдлыг хангах үүднээс гар утасны интернэт холболтыг дайн дуустал хязгаарлахаар болсныг Москвагаас томилогдсон захирагч Сергей Аксенов өчигдөр мэдэгджээ.
“Бид зүгээр л бодит байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицох хэрэгтэй байна” гэж тэр төрийн өмчит Спутник мэдээллийн агентлагт ярьсан байна.
Хязгаарлалт гэдэг нь хөдөлгөөнт интернэтийн хурдыг эрс бууруулах, зарим тохиолдолд бүрэн хаах гэсэн утгатай ойлголт юм.
“Бид дайсандаа бидний эсрэг интернэт ашиглахыг зөвшөөрч болохгүй” гэж Аксенов сүүлд Телеграм хуудсандаа бичээд Украины нисгэгчгүй онгоцнуудын удирдлага Оросын гар утасны сүлжээг ашигладаг болохыг тайлбарлажээ.
ОХУ-ын төв бүсийн Ульяновск мужийн захирагч өнгөрсөн сард дээрхтэй ижил шийдвэр гаргасан юм. Тиймээс гар утасны интернэтийг хязгаарласан Оросын хоёр дахь бүс нутаг Крым болж байна.
Украины дроны халдлага нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны тавдугаар сараас эхлэн Оросын зарим бүс нутагт гар утасны интернэт тасалдах явдал хэвийн үзэгдэл болсон юм.
Ийм үзэгдэл бүр Украины хилээс алс хол оршдог Сибирийн хэсэг, Алс Дорнодод ч бас гарах болжээ.
Эрх баригчид үүнийг дроны үйл ажиллагааг тасалдуулах зорилготой гэж тайлбарладаг.
Зарим бүс нутаг тасалдлын үеэр хэвийн ажиллаж байх үйлчилгээнүүдийн “цагаан жагсаалт” гэгчийг гаргасан ч ихэнхдээ ажилладаггүй талаар иргэдийн зүгээс гомдол гарсаар байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!