Уншиж байна ...

П.Баянбаатар: 1996 оны Евро-2 болон 2008 оны Евро-5 стандартын шатахуунд үнэ болон чанарын зөрүү бий

Б.Бадамгарав, IKon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны хомсдолыг шийдвэрлэхийн тулд манай улс урд хөршөөсөө Евро-5 стандартын АИ-92 шатахууныг импортоор авч байна. 

Энэ нь ОХУ-аас Евро-2 стандартын шатахуунаас харьцангуй нэмэгдсэн үнээр зарагдаж эхэлсэн. Хэдэн цагаар оочерлож байж арайхийн шатахуун авч байсан иргэд өнгөрсөн шөнөөс үнэ нэмэгдсэнд бухимдалтай байгаагаа илэрхийлээд буй. Харин өнөөдөр Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ)-аас энэ асуудалд "АИ-92 шатахуун гэхээр иргэд ижил октантай учраас ижил үнээрээ зарагдах ёстой гэж буруу ойлгож байна. Үүнд стандартын зөрүү бий" хэмээн тайлбарлалаа.

АМГТГ-ын дарга П.Баянбаатар "Евро-5 болон Евро-2 стандартын шатахуунд үнэ болон чанарын зөрүү бий. Евро-2 нь 1996 оноос хойш Европт нэвтэрсэн, 2000 онд Евро-3, 2005 онд Евро-4, 2008 оноос Евро-5 нэвтэрснээр дэлхийн ихэнх улс уг стандартын шатахуун хэрэглэж байгаа. 

Уг стандартын шатахууны давуу тал нь тоосонцрын хэмжээг 95 хувь бууруулж, нүүрсхүчил, метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хувь бууруулж, зарцуулалтыг гурван хувиар хэмнэж байна. 

Стандарт сайжирснаар агаарын бохирдлыг бууруулдаг учраас олон улс оронд шилжиж байгаа" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "АМГТГ нь агуулах болон ШТС-уудад хяналт тавьж байгаа. Манай улсад бүх ШТС-аа хянадаг мэдрэгч байдаггүй. Хүн очиж хянаж байж шатахуун дууссан эсэхийг мэдээлээд нөөцөө явуулдаг. Цаашид бид бүх ШТС-аа нэгдсэн мэдээллийн хянах самбарт аль ШТС-д хэр хэмжээний үлдэгдэлтэй байгаа мэдээллийг харуулж, нөөц хуваарилдаг болохоор ажиллаж байгаа" гэв.