Уншиж байна ...

Эпштейн агсны хувийн онгоцоор Трамп олон удаа нисэж байсныг шинээр нийтлэгдсэн хэргийн баримтууд харуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Трамп, Максвелл нар

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын хууль зүйн яам Конгрессоос өгсөн үүргийн дагуу бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой баримтуудын эхний хэсгийг нийтэд ил болгосон билээ.

Тэгвэл уг баримтуудын хоёр дахь хэсгийг өчигдөр буюу Мягмар гарагт вэб сайтдаа нийтэлсэн байна.

Энэ хэсэгт Эпштейн агсны хувийн нисэх онгоцоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байснаас олон удаа ниссэнийг батлах баримт ил болжээ.

Тухайлбал 2020 оны нэгдүгээр сарын 7-нд уг хэргийг мөрдөн шалгаж байсан нэг прокурорын бичсэн цахим захидалд 1990-ээд оны үед Трамп нийтдээ найман удаа ниссэн тухай баримт дурдагдсан байна.

Эдгээрээс дөрвөн тохиолдолд нь тэр Эпштейн агсны хамсаатан Гислэйн Максвеллэй хамт нисэж байжээ.

Эпштейнд бага насны охид олж өгдөг байсан гэх Их Британийн иргэн эмэгтэй Максвелл одоо АНУ-ын шоронд 20 жилийн хорих ял эдэлж байгаа юм.

Өчигдрийн баримтууд дотор Трампын Максвеллтэй хамт авхуулсан хэд хэдэн гэрэл зураг багтсан байв.

зураг
 
Эпштейн, Максвелл нар

Трамп 2024 онд “би хэзээ ч Эпштейний онгоцоор нисэж байгаагүй, хэзээ ч түүний тэнэг аралд очиж байгаагүй” хэмээн сошиал хуудсаараа мэдэгдэж байжээ.

Гэхдээ прокурорын захидалд Трамп ямар нэг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан талаар дурдаагүй байна.

Эдгээрээс нэг удаагийн нислэг гурван зорчигчтой байсан нь Эпштейн, Трамп болон 20 настай эмэгтэй байсныг баримт харуулжээ. Эмэгтэйн нэрийг нууцалсан байна.

“Өөр хоёр нислэгээр тус тусдаа зорчсон хоёр эмэгтэй нь Максвеллийн хэргийн гэрч болж болох юм” гэж прокурор захидалдаа бичжээ.

Өчигдрийн баримтуудыг нийтлэхдээ хууль зүйн яам “Эдгээрийн зарим нь 2020 оны сонгуулийн өмнө Холбооны Мөрдөх Товчоонд ирүүлсэн ерөнхийлөгч Трампын эсрэг ашиглах зорилготой худал, дуулиантай мэдээллүүдийг агуулж байна” гэсэн тайлбар хавсаргасан байна.

Эпштейний хэргийн 30,000 хуудас бичиг баримт, олон арван дүрс бичлэг өчигдөр нийтэд ил болсон юм. Хууль зүйн яам бичиг баримтын нэлээд хэсгийг засварлаж, зарим хүмүүсийн нэрсийг дарсан байна.

Уолстритийн санхүүч агсан Эпштейн 2019 онд Нью-Йоркийн шоронд шүүх хурлаа хүлээн хоригдож байхдаа нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг нь амиа хорлолт гэж дүгнэсэн юм.

Өнөөдрийг хүртэл ил болгоод байгаа хэргийн баримтууд нэлээд засвартай, нууцалсан байдалтай нийтлэгдсэн нь Трампын харьяалагддаг Бүгд Найрамдах намын зарим улс төрчдийн шүүмжлэлтэй тулгараад байна.

Ийм ил тод бус хандлага нь 2026 оны Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэж тэд болгоомжилж байгаа юм.

Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп баримтуудын ач холбогдлыг үгүйсгэж, эдгээрийг зөвхөн түүний болон Бүгд Найрамдахчуудын гайхамшигтай амжилтыг харлуулах зорилготой гэж тайлбарлажээ.

Тэрбээр Эпштейний хэргийн баримтуудыг ил болгох хүчин чармайлтад олон сарын турш саад хийж байсан ч өнгөрсөн сард Конгрессын хоёр танхим олонхын саналаар шаардлагатай хуулийн төслийг баталсан тул биелүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.

 

Эх сурвалж: Reuters