Нийслэл хотод дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд барьж эхлэх бөгөөд Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 52,800 өрхийг цахилгаанаар, 40,800 өрхийг дулаанаар хангана.
Станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийн явцад 1,600 гаруй ажлын байр шинээр бий болох бол ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байрны орон тоо гарах аж.
ДЦС-5 төслийн нийт хөрөнгө оруулалт $658 сая бөгөөд санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэл хариуцна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!