Уншиж байна ...

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Сингапурын Темасек сан дээр очиход Монголоос 108 дахь удаагийн зочид ирж байна гэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.12.23) хуралдаанаар Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ үеэр Сингапурын Темасек сан руу 100 гаруй удаа томилолтоор очсон тухай асуудал яригдав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн өмчит компаниудын өөрчлөлтийн асуудлыг сүүлийн 30 жил ярьж байна. Бид хэдхэн тоон дээр анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар төрд буй 67 компанид 69 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд 25.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 22.8 их наяд төгрөгийн өртэй болсон. Нийт хөрөнгө нь 60 их наяд төгрөг гарсан байна. Үүнээс Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг хасвал бусад нь хасах үзүүлэлттэй.

Үндсэндээ өр төлбөр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 28.6 хувьтай байгааг харвал манайх зах зээлийн эдийн засагт шилжээгүй, хуучнаараа төрийн өмчит суурилсан улс орон юм.

Бидэнд гашуун сургамжууд бий. Монголын цахилгаан холбоо гэж хамгийн үнэ цэнтэй компани байсан. Үүнийг хувьчлахгүй, стратегийн компани гэж авч үлдээд ямар үнэ цэнтэй болсон бэ. Мөн төр холбооны үйлчилгээ монопол байх ёстой гээд Тагнуулын ерөнхий газар бие даагаад сүлжээний компани байгуулж байсан.

Саяхан С.Бямбацогт Сингапурын Темасек дээр очоод ирсэн. Би нэг онигоотой зүйл хэлье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Темасек сан дээр очиход Монгол Улсаас 108 дахь удаагийн зочид төлөөлөгчид ирж байна гэсэн. Та нар төрийн өмчийнхөө өөрчлөн байгуулалтыг одоо хүртэл хийгээгүй юм уу гэсэн. 

Дэлхийн хэмжээнд монголчуудын хамгийн их очсон компани бол Норвегийн Баялгийн сан, Сингапурын Темасек юм. Маш их судалсан, мөнгө зарсан эргээд үр дүн байхгүй. Одоо хардлага сэрдлэгээ хойш нь тавьж өмч хувьчлалын бодлогоо явуулсан шиг явуулах хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Өнгөрсөн 35 жилийн хугацаанд өмч хувьчлал явуулсан бодлогын үр дүн иймэрхүү байдалтай байна. 35 жилийн хугацаанд төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат болгох бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2,000 орчим аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьд шилжүүлсэн. 287 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 101 компани байна. Улсын төсөвт жилд 6 их наяд төгрөгийн татвар, хураамж төлдөг.

видео:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/1852723938937258