Уншиж байна ...

"Дүрмийн бус харьцаанд хатуу хариуцлага тооцно. Цэргийн байгууллага хүн зовоодог газар биш. Өрх толгойлон гэр бүлээ авч явах эр хүнийг бэлдэж байгаа шүү дээ"

М.Батчимэг, ikon.mn
5 цаг 32 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад цахим орчинд нийтлэгдсэн. Тус асуудалтай холбогдуулан цагдаа, дотоод цэргийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Уг асуудал камер байршуулах боломжгүй ахуй хэрэглээний өрөө буюу хувцсаа сольдог өрөөнд болсон байна"

Одоогоор хийж буй хяналт шалгалтын талаар 05 дугаар ангийн захирагч Хурандаа Д.Манлайбаатар "Хугацаат цэргийн алба хаагч бол бидний хүүхдүүдтэй адил учир өчигдрийн мэдээлэлд их цочирдож хүлээж авсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. ХЭҮК-той болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Дотоод хяналтаар манай алба хаагч нарын алба ажиллагааны чиглэлээр хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Хугацаат цэргийн алба хаагч нарын дүрмийн бус харьцаанд үүссэн асуудлын талаар СХД-ийн цагдаагийн газраас ажиллаж байна. Тухайн алба хаагчдыг шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэгт хамруулж байна.

Бусад хугацаат цэргийн алба хаагч нарын ар гэрийнхэн нь бидний адил цочирдож хүлээж авсан учир ар гэрийнхэнтэй нь утсаар холбоо бариулж байна" гэв. 

Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг "Хүний мэдээллийн тухай" хуулийн дагуу хяналт тавих цахим системүүдийг ашигладаг байна. Тухайлбал 05 дугаар ангид 70 гаруй хяналтын камер байдаг ба үүнээс 62 камер нь дотоод руу чиглэсэн байдаг байна. Хуулийн дагуу 00 өрөө, ахуй хэрэглээний өрөө, усанд орох өрөө зэрэгт камер байршуулах боломжгүй байдаг ба өчигдрийн болсон асуудал нь хугацаат цэргийн алба хаагчдын ахуй хэрэглээний өрөө буюу хувцсаа сольж, угаадаг өрөөнд болсон аж. 

"Энэ олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албад татахдаа эр хүн болж, эх орны хүү болоосой гэж боддог. Аль ч байгууллагад дүрмийн бус харьцааг зөвшөөрөхгүй"

Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис "Бид аль болох энэ олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албад татахдаа эр хүн болж, эх орны хүү болоосой гэж боддог. Дүрмийн бус харьцааг Батлан хамгаалах, Дотоодын цэрэг, Хилийн цэрэг ямар ч байгууллагад хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Бидний өнөөдрийн авсан мэдээллээр нэг оны цэргүүд хоорондын харьцаанаас болсон байна. Цэргийн байгууллага хүн зовоодог гэсэн юм яваад байна. Тийм биш шүү дээ. Бид иргэд, сэтгүүлчидтэй бүгдтэй нь хамтарч ажилламаар байна. 

Цэргийн байгууллага бидний хойч үе, Монгол Улсыг авч явах залуучууд, цаашдаа эцэг хүн болж өрх толгойлон гэр бүлээ авч явах хүнийг эр хүн болгож байгаа шүү дээ. Тийм ч учраас дүрмийн бус харьцаанаас урьдчилан сэргийлэх хяналтын камер зэрэг олон дүрэм журам бий. 

Гэтэл олон хүүхдүүдийн дунд ямар харьцаа байхыг мэдэхгүй бидний хараа хяналтаас гардаг "хар бүс" гэж байна. Иймд хоёр талд зогсох биш нэг талд зогсоод энэ асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах хэрэгтэй.

Энэ асуудалд буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно. Ийм байх ёсгүй" гэв.