Нийслэл хотын гурван байршилд халиа, тошин үүсжээ.
Энэ тухай ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Нийслэл хотод энэ сараас эхлэн халиа, тошин үүсэж буйтай холбогдуулан үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гурван байршилд халиа, тошин үүссэн.
Тухайлбал Дэнжийн мянгын нэгдүгээр суваг буюу 39 дүгээр сургуулийн урд гүүрний дээд хэсэгт шороон далан босгож, булгийн усыг барих, суваг татаж байна.
Жил бүр Сэлбэ, Улиастай, Баянгол, Дунд гол дагасан халиа, тошин үүсэх эрсдэлүүд их гардаг.
Өнгөрсөн онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай долоон байршилд байшин барилгын суурь усанд автах, авто зам руу халиа тошин урсаж, мөстөх, иргэн, ААН-ийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.
Энэ жилийн хувьд Дэнжийн мянгын нэг, гуравдугаар суваг болон Зурагт орчмын тунгаагуурын хойд хэсэгт халиа, тошингоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Энэ жил халиа, тошин эрт үүсэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!