Уншиж байна ...

Л.Эрдэнэбадрах: Нийслэл хотод ирэх онд шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх онд нийслэлийн төсөвт 4.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан юм. Энэхүү мөнгийг юунд зарцуулах талаар танилцуулав.

Энэ тухай НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэв.

Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх гэнэ. Ингэхдээ гэр хорооллыг орон сууцжуулах бөгөөд холбоос замуудыг нэмэгдүүлж, нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх, сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх аж.

Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьжээ. Эдгээр санал, хүсэлтийг үндэслэж ирэх оны төсвийг баталсан болохыг тайлбарлав.