Уншиж байна ...

Өмнөд Солонгос хурдаараа дэлхийд хоёрдугаарт орох шинэ үеийн галт тэрэгний технологи зохион бүтээснээ танилцуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар цагт 370 км хурдлах чадвартай шинэ үеийн галт тэрэгний технологийг хөгжүүлж дууссанаа өчигдөр зарлажээ.

Энэ нь одоогоор хурдаараа дэлхийд хоёрдугаарт орох өндөр үзүүлэлт болохыг тус улсын Газар, Дэд бүтэц, Зам тээврийн яам мэдээлсэн байна.

Онолын хувьд 407 км/цаг хүртэл хурдлах чадвартай уг галт тэргийг EMU-370 гэж нэрлэжээ.

2022 оны дөрөвдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн технологи хөгжүүлэх төслийг Солонгосын Төмөр Замын Судалгааны Хүрээлэн удирдаж, хувийн болон төрийн өмчийн долоон байгууллага оролцсон гэнэ.

Төсөлд нийт 22.5 тэрбум вон ($15.23 сая) зарцуулсны 18 тэрбумыг засгийн газар, 4.5 тэрбумыг хувийн компаниуд санхүүжүүлжээ.

Засгийн газар анхны EMU-370 галт тэргийг ирэх онд үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2030 онд туршихаар, 2031 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Одоогоор Хятадын CR450 систем бодит туршилтаар 400 км/цаг хурд үзүүлсэн нь дэлхийд хамгийн хурданд тооцогдож байгаа. Уг галт тэргийг 2027 онд ашиглалтад оруулах юм.

Франц, Герман, Япон зэрэг бусад улсууд 320 км/цаг орчим хурдтай галт тэрэг бүтээхээр ажиллаж байгаа.

Солонгосын одоо ашиглаж буй EMU-320 галт тэрэгтэй харьцуулахад EMU-370 нь хөдөлгүүрийн гаралтын чадал 47.4 хувь өндөр, агаарын эсэргүүцэл 12.3 хувь бага, хэвтээ чиглэлийн чичиргээний хурд 33 хувь бага, дотоод дуу чимээ 2 децибелээр бага болсон гэнэ.

Нийт 479 зорчигчийн суудалтай уг галт тэрэгний хөдөлгүүрийн багтаамж 560 киловатт буюу ойролцоогоор 75 ширхэг дундаж хэмжээний седан автомашиныг нийлүүлсэнтэй тэнцэх юм байна.

EMU-370 нь Өмнөд Солонгосын бүх бүс нутагт хүрэх хугацааг хоёр цагаас хэтрэхгүй болгосноор эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах ач холбогдолтойг засгийн газар онцолжээ.

“Бид улсынхаа гурав дахь үеийн 400 км/цаг хурдтай галт тэрэгний гол технологиудыг ирэх онд боловсруулж эхэлнэ” гэж зам тээврийн яамны Төмөр Замын Товчооны тэргүүн Юн Жин Хван мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times