Уншиж байна ...

Трампын засаг захиргаа Гринландыг АНУ-д нэгтгэх зорилготой тусгай элч томилсныг Дани улс эсэргүүцлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гринланд арлын асуудал хариуцсан тусгай элчээр Луизиана мужийн захирагчийг томилж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ.

Үүнтэй холбогдуулан тус арлыг эзэмшигч Дани улсын гадаад хэргийн яам өөрийн нийслэлд суугаа АНУ-ын элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-д нэгтгэх хүсэл сонирхлоо Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхэлснээс хойш хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа.

Тэрбээр эхлээд арлыг Дани улсаас худалдаж авах тухай ярьдаг байснаа сүүлд цэрэг зэвсгийн хүчээр булааж авахаас буцахгүйгээ илэрхийлэх болсон.

Гуравдугаар сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тус арлын алслагдсан хэсэгт оршдог өөрийн цэргийн баазад зочлохдоо Дани улс энэ бүс нутагт бага хөрөнгө оруулж буйг шүүмжилж байлаа.

Наймдугаар сард Трамптай холбоотой гурван хүн Гринланд арлын оршин суугчдын сэтгэл санаанд нөлөөлөх нууц ажиллагаа явуулсан тухай мэдээ хэвлэлээр цацагдахад Дани улс эсэргүүцэл илэрхийлж байсан.

Гринланд арлыг хариуцсан АНУ-ын тусгай элчээр Луизиана мужийн захирагч Жефф Ландрийг томилж байгаагаа Ням гарагт Трамп зарлажээ.

“Гринланд арал манай үндэсний аюулгүй байдалд хэр чухал болохыг Жефф сайн ойлгож байгаа бөгөөд манай улсын ашиг сонирхол, аюулгүй байдал, холбоотнуудын болон цаашлаад дэлхий дахины аюулгүй байдлын төлөө шаргуу ажиллах болно” гэж Трамп энэ үеэр хэлсэн юм.

Сүүлд Ландри сошиал хуудсаараа “Гринланд арлыг АНУ-ын нэг хэсэг болгохын тулд энэхүү сайн дурын албан тушаалыг хаших нь нэр төрийн хэрэг юм” гэж мэдэгджээ.

“Энэ томилгоо нь Гринландыг сонирхох АНУ-ын сонирхол үргэлжилж буйг харуулж байна. Гэсэн хэдий ч Данийн Хаант Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүх улс, тэр дундаа АНУ хүндэтгэх ёстойг бид анхааруулж байна” гэж Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен өчигдөр мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр нийтэлсэн жил тутмын тайландаа Данийн батлан хамгаалах тагнуулын алба АНУ эдийн засгийн хүчээ ашиглан “хүсэл сонирхлоо хэрэгжүүлэхээр холбоотнууддаа дайсагнаж” байгааг анхааруулсан юм.

“Орос болон Өрнөдийн зөрчил хурцадсаны үр дүнд Умард Туйлын стратегийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ бүс нутагт АНУ анхаарлаа хандуулснаар үйл явцыг улам эрчимжүүлэх төлөвтэй байна” гэж дээрх тайланд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press