Өнгөрсөн долоо хоногт Москвагийн ойролцоо оршдог дунд сургуульд 10 настай тажик хүү хутгалуулж алуулсан эмгэнэлт хэрэг гарсан юм.
Өчигдөр буюу Даваа гарагт Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг хэргийн төлөө эмгэнэл илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Москвагийн захын Горки-2 дүүргийн Успенская дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Кобилжон Алиевыг 15 настай хүүхэд хутгалж алсныг цагдаа нар баривчилсан юм.
Маргааш нь Тажикистаны гадаад хэргийн яам Душанбе хот дахь ОХУ-ын элчин сайдыг дуудаж, үндэс угсаагаар ялгаварлах үзлээс үүдэлтэй аллага гарсанд эсэргүүцэл илэрхийлж байв.
Оросын хуулийн байгууллага одоогоор уг аллага ямар сэдлээр үйлдэгдсэн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Гэхдээ сэжигтнүүдийн гар утсанд хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан зураг, бичлэгүүд байсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Өчигдөр Рахмонтой уулзахдаа Путин уг аллагыг “террорист үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлээд мөрдөн байцаалтыг “эцсийг нь хүртэл үргэлжлүүлэхээ” амласан байна.
Мөн Тажикистаны ерөнхийлөгчид болон хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
“Ийм төрлийн гэмт хэрэг, ялангуяа хүүхдийг онилсон хэрэг үнэхээр аймшигтай” гэж Путин энэ үеэр хэлснийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэрбээр хэргийн мөрдлөгийн үйл явцын тухай мэдээллээр Тажикистаны хуулийн байгууллагуудыг шуурхай хангахаа амлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын аюулаас хамгаалах албаныхантай ойр ажилладаг Телеграм сувгууд сэжигтний гар утаснаас авсан зураг, дүрс бичлэгүүдийг нийтэлсэн юм.
Нэг бичлэг дээр гартаа хутга барьсан өсвөр насны хүүхэд сургуулийн хонгилоор явж буй дөрөвдүгээр ангийн сурагчдыг зогсоогоод ямар үндэс угсаатайг асууж байгаа нь гарсан байв.
Алагдсан хүүгийн ээж Успенская дунд сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!