Өнгөрсөн зун Испани улсын түүхэнд хамгийн аймшигтайд тооцогдох ой хээрийн түймэр гарсны улмаас тус улсын Кастилья Леон мужийн Ла Банеза тосгон асар их хохирол амссан юм.
Наймдугаар сард тус тосгоны ойролцоо ой модонд гарсан түймэр 55,000 га газрыг хамрахдаа гурван хүний аминд хүрч, 8,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн юм.
Тэгвэл Зул сарын баярыг угтуулан зохион байгуулдаг уламжлалт сугалаанд 10,000 оршин суугчтай Ла Банеза тосгон 468 сая еврогийн шагнал хожжээ.
“Ийм аймшигтай жилийн төгсгөлд бөөн бөөн баяр ирлээ. Сугалаанд хожих нь баяр баясгалан, сэтгэл хөдлөлийн шалтгаан болохоос гадна маш их зүйл хэрэгтэй байгаа газарт тэнгэрээс унасан хишиг болж байна” гэж тосгоны дарга Хавьер Каррера өчигдөр шагнал авах үеэрээ хэлсэн юм.
“El Gordo” (тарган гэсэн утгатай үг) нэртэй Зул сарын сугалааны нэг тасалбар 20 еврогийн үнэтэй байдаг. Дугаар нь таарсан тасалбар тус бүр 400,000 еврогийн хонжвортой байдаг юм. Гэхдээ тасалбар бүр “decimo” гэж нэрлэгддэг ижил дугаартай 10 салаа туузтай тул хөршүүдээрээ, хамт олноороо худалдаж авсан тохиолдолд бөөндөө азтан болдог юм байна.
Ла Банеза тосгоны оршин суугчдын хувьд “79432” дугаартай 117 ширхэг азын тасалбар таарсан нь нийтдээ 468 сая еврогийн хожил болжээ.
Испанид “El Gordo” сугалааг тойрсон мухар сүсгийн ойлголт байдаг. Тухайлбал тухайн жилдээ азгүй байсан, зовлон үзсэн газарт хуваарилагдсан тасалбарыг авбал “нэг муу зүйл хоёр удаа давтагддаггүй, аянга буусан газраа дахин буудаггүй” гэсэн үндэслэлээр аз дайрах илүү өндөр магадлалтай гэж үздэг юм байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!