Уншиж байна ...

Москвад суудлын автомашин дэлбэрсний улмаас Оросын армийн генерал амиа алдав

Т.Давааням, ikon.mn
4 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн өглөө Москва хотын өмнөд хэсэгт суудлын автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэхэд Оросын армийн генерал амь үрэгджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын хэлтсийн дарга, дэслэгч генерал Фанил Сарваров орон сууцны зогсоолд байрлуулсан автомашиндаа суух үед бөмбөг дэлбэрсэн байна.

“Мөрдөн байцаагчид аллагын олон хувилбар боломжийг шалгаж байна. Эдгээрийн нэг нь Украины тагнуулын албаны зохион байгуулсан ажиллагаа байх хувилбар юм” гэж Оросын Мөрдөн Байцаах Хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлүүд дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн цагаан өнгийн Kia суудлын автомашины зургийг нийтэлсэн байна.

зураг
 

Энэ жил 56 нас хүрээд байсан Сарваров 1990-ээд оны үед Чечень болон Ар Кавказын бүс нутагт явуулсан Оросын армийн байлдааны ажиллагаануудад оролцож байжээ.

Тэрбээр бас 2015-2016 онуудад Сири дэх Оросын цэргийн хүчийг удирдаж байсан юм.

Сарваров амь үрэгдсэнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дуулгасан талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

зураг
 

Дээрх халдлага АНУ-ын Майами хотод Украины дайныг дуусгах асуудлаар зохион байгуулагдсан гурван өдрийн уулзалт дууссанаас хойш хэдхэн цагийн дараа болсон байна.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Оросын армийн өндөр албан тушаалтнууд болон Кремлийн суртал нэвтрүүлэгчдийг чиглэсэн хэд хэдэн халдлага гарсны ард Украины тусгай албад байгаа гэж үздэг.

Энэ оны дөрөвдүгээр сард Москвагийн ойролцоо автомашин дэлбэрэхэд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, генерал Ярослав Москалик амь үрэгдэж байв.

2024 оны арванхоёрдугаар сард Москвагийн орон сууцны гадна цахилгаан скутер дэлбэрэхэд Оросын армийн цацраг туяа, хими, биологийн зэвсэгт хүчний тэргүүн Игорь Кириллов амиа алдсан юм.

Кирилловыг алагдахад Путин үүнийг Оросын аюулаас хамгаалах байгууллагуудын “том алдаа” хэмээн нэрлэж, алдаанаасаа суралцах ёстойг анхааруулж байжээ.

2023 оны дөрөвдүгээр сард Санкт Петербургийн нэг кафед баримал дэлбэрэхэд Оросын цэрэг дайны блогчин Максим Фомин алагдаж байлаа.

2022 оны наймдугаар сард автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас хэт үндсэрхэг үзэл номлогч Александр Дугиний охин Дарья Дугина амиа алдсан юм.

 

Эх сурвалж: AFP