Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "2025 онд Ганцмод-Гашуунсухайт, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын боомтоор нүүрс хэвийн экспортолсон.
Үүн дотроо Ганцмод-Гашуунсухайтын боомтоор нийт 41.2 сая тонн нүүрс экспортлоод байна.
Энэ жил анх удаа 3.5 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэлээ.
Он гараад Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Хоногтоо 8-9 цуваа галт тэрэг явж байгаа.
Өнөөдрийн байдлаар бид галт тэргээр ирсэн нүүрсийг хилийн боомт дээр буюу Гашуунсухайтад буулгаад цааш машинаар гаргаж байна. Энэ тоог нэмэгдүүлснээр ирэх 2026 ондоо тээвэрлэлтийг 10 сая тоннд хүргэнэ гэсэн үг.
Ингэхийн тулд хоногт 13-14 галт тэрэг аялуулах боломж бололцоог бүрдүүлэхээр Монголын төмөр зам ажиллаж байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн "Машин тээвэрлэлттэй холбогдуулан хэлэхэд хоёр талын гарцын хүндрэлээс болж нэлээд саатсан. Энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд Хятад руу хоногт 1,400 нүүрс тээврийн машин нэвтэрч байна.
Цааш үүнийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-тай яриа хэлэлцээ хийнэ.
Үлдэж байгаа богино хугацаанд нүүрсний экспортыг хурдлуулах, хоногт 150,000 тонн нүүрс гаргах ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай нийлж хийхээр төлөвлөж байгаа.
Гашуунсухайт боомтын нэвтрэлт өдөр тутам нэмэгдсэнээр биржийн арилжааны нүүрс хүргэлт болон Цагаанхад дахь нүүрс буулгалтын талбайгаас гарч буй тээврийн эргэлт сайжирна.
Ирэх жилээс машинаар тээвэрлэх нүүрсний экспортын тээвэр нэмэгдэхээс гадна төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг 10 саяас багагүй тоннд хүргэнэ" хэмээн Б.Дэлгэрсайхан сайд мэдээллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!