Уншиж байна ...

Voyager 1 хөлөг ирэх онд дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сансрын гүнийг судлах зориулалттай NASA-гийн Voyager 1 хөлөг удахгүй түүхэнд тэмдэглэгдэх дээд амжилтыг үзүүлэх гэж байна.

2026 оны арваннэгдүгээр сард уг хөлөг дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрэх ажээ.

1977 онд дэлхийгээс хөөрсөн Voyager 1 одоо манай гарагаас 25 тэрбум километрийн зайд, од хоорондын орон зайд аялж яваа юм.

Энэ нь хүний гараар бүтээгдсэн техник хамгийн хол зайд хүрсэн тохиолдол болж байгаа. Гэрлийн өдөр гэдэг нь ямар нэг дохио гэрлийн хурдаар 24 цагийн хугацаанд хүрэх зай юм.

Энэ нь 26 тэрбум километрийн хол зай.

Тиймээс Voyager 1 хөлөг рүү илгээсэн дохио нэг өдрийн дараа хүрнэ гэсэн үг.

“Хэрвээ бид Даваа гарагийн өглөөний 8 цагт Voyager 1 хөлөг рүү дохио илгээвэл Лхагва гарагийн өглөөний 8 цагт хариуг нь авна” гэж төслийн менежэр Сюзи Додд тайлбарлажээ.

Voyager 1 болон түүний ихэр Voyager 2 хөлгүүд нь нарны аймгаас гарсан анхны сансрын хөлгүүд юм.

Олон арван жилийн дараа хэтэрхий холдсоны улмаас зарим багаж хэрэгслээ унтраасан ч үлдсэн хэсэг нь дэлхий рүү цуглуулсан мэдээллээ илгээсээр байгаа.

Хөлгүүдтэй харилцахад олон хүндрэл бэрхшээл тулгардаг ч Додд болон түүний багийнхан 2027 онд тэднийг 50 нас хүртэл нь ямар нэг аргаар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Voyager 1 хөлөг анх Бархасбадь, Санчир гарагуудыг судлах зорилготой хөөрч байсан юм. 1980 оны арваннэгдүгээр сард Санчир гарагийн дэргэдүүр өнгөрснөөсөө хойш уг хөлөг цагт 61,000 км-ийн хурдаар чиглэлээ өөрчлөлгүй одоо болтол аялж байгаа.

Voyager 2 хөлгийн хувьд 2035 оны арваннэгдүгээр сард дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрэх тооцоотой байна.

Олон жилийн өмнө сураг тасарна гэж төсөөлж байсан хөлгүүд одоо болтол ажилласаар байгаа нь судлаачдыг гайхшируулдаг.

Одоо тэд маш бага хурдаар буюу секундэд ердөө 160 бит хэмжээтэй мэдээллийг дэлхийд ирүүлдэг байна. Энэ нь хуучны суурин утасны шугамаар (dial-up) интернэтэд холбогддог хурд юм.

 

Эх сурвалж: CNN

 

Зураг
29 | 5 | 3 цаг