Өчигдөр Чехийн тэрбумтан Андрей Бабиш улсынхаа ерөнхий сайдын албан тушаалд томилогджээ. Ойрын өдрүүдэд тэр засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлах юм.
Түүний томилгоог Чехийн ерөнхийлөгч Петр Павел батлахдаа хувийн бизнесээсээ бүрмөсөн хамааралгүй болох гол шаардлага тавьж, амлалтыг нь авчээ.
Чехийн хамгийн баян хүмүүсийн нэг Бабиш нь хүнс, хөдөө аж ахуй, химийн үйлдвэрлэлийн аварга групп Agrofert компанийг үүсгэн байгуулагч юм.
Прага хотын цайзад болсон ёслолын арга хэмжээний үеэр 71 настай Бабиш “Би бүх иргэдийнхээ эрх ашгийг эх орондоо болон гадаадад хамгаалдаг ерөнхий сайд болохоо амлаж байна. Чех улсыг дэлхийн амьдрахад хамгийн таатай газар болгохын төлөө ажиллах болно” гэж мэдэгджээ.
Agrofert нь Чехийн худалдааны экосистемд маш гүнзгий нэвтэрсэн компани тул түүний 200 гаруй охин компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаас сэргийлэх зориулалттай гар утасны аппликэйшн хүртэл байдаг.
Өөрөөр хэлбэл уг аппликэйшн Бабишийн эзэмшлийн компанийн бүтээгдэхүүн мөн эсэхийг шалгаад худалдаж авахгүй байхыг хүмүүст зөвлөдөг байна.
Бабиш өмнө нь 2021 оныг хүртэл дөрвөн жил ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Тэрбээр сүүлийн жилүүдэд улс төрийн барууны үзэл баримтлалыг түлхүү дагах болсон бөгөөд сая засгийн газар байгуулахдаа хэт барууны SPD болон Европын нэгдлийг эсэргүүцэгч “Өөрсдийнхөө төлөө Моторчид” нэртэй намуудтай эвссэн байна.
Ерөнхий сайд болохын тулд Agrofert компанид ямар ч нөлөөгүй хүн болохоо Бабиш ерөнхийлөгчид амлажээ.
Тухайлбал тэр $4.3 тэрбумын хөрөнгөтэй Agrofert-ийн удирдлагыг хараат бус итгэлцлийн санд шилжүүлж, үлдсэн насандаа дахин оролцохгүй байхаар болсон байна.
Харин нас барсных нь дараа компанийн удирдлага түүний хүүхдүүдэд шилжихээр болжээ.
Бабишийн эрх мэдлээ шилжүүлэх итгэлцлийн сан Чехийнх, эсвэл гадаадынх байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ийм ойлголт Чехийн хууль эрх зүйн орчинд байдаггүй тул шинээр хууль батлуулах ч шаардлага гарч магадгүй гэнэ.
Тиймээс Бабишийг шүүмжлэгчид, тухайлбал Транспаренси Интернэйшнл байгууллага түүний төлөвлөгөөнд эргэлзэж байгаагаа нуухгүй байна.
“Сохор итгэлцэл бол шийдэл биш. Энэ нь түүнийг эрх ашгаас тусгаарлаж чадахгүй гэж бодож байна. Бабиш менежэрүүдээ таньдаг. Тэр Agrofert-ийн портфолиог мэддэг. Европын хэмжээнд ч тэр онолын хувьд Agrofert-ийн үйл ажиллагаанд хамаатай салбаруудад нөлөөлөх боломжтой” гэж Транспаренси Интернэйшнл байгууллагын Чех дэх салбарын тэргүүн Дэвид Котора хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!