Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр мэдээлэл сонсож байгаа юм.
Татварын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-ийн татвар төлөлтийг 6.4 их наяд төгрөг хэмээн мэдээлсэн. Уг мэдээлэл нь зөвхөн Татварын ерөнхий газарт бүртгэлтэй тоо бөгөөд “Оюу толгой” ХХК 2010-2025 оны III улирал хүртэл манай улсад нийтдээ 13.7 их наяд төгрөгийг татвар, төлбөр, хураамжийг улсын төсөвт бүрдүүлж өгсөн аж.
Тодруулбал Оюутолгой компанийн 2025 оны гуравдугаар улирлын тайланд оруулснаар тус компани улсын төсөвт 13.7 их наяд төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр төлсөн хэмээн дурдсан. 2010 оноос хойш Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааны хүрээнд нийт 53.3 их наяд төгрөгийг Монгол Улсад оруулсан аж.
Сонирхуулахад Оюутолгой компани ирэх 15 жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт нийт 18.4 тэрбум ам.доллар төвлөрүүлэх аж. Тодруулбал,2026 оноос 600 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийг татварт төлнө. Энэ дүн цаашид ч өснө.
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал: Оюутолгой компанийн 2001 оноос хойш 2025 оны есдүгээр сарын 5-ны байдлаар албан татвар ногдуулалт, төлбөрийн мэдээллийг Түр хороонд явуулсан.
Нийлбэр дүнгээр 2001 оноос 2025 оны есдүгээр сарын 5-н хүртэл 6.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Уг татвар төлбөр хураамжид 18 нэр төрлийн татвар, төлбөр хураамж орсон.
Тухайн компанийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд зургаан удаагийн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар 2021 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төлөгдсөн.
Татвар төлөлтийг он тус бүрээр нь танилцуулъя. Үүнд:
- 2001 онд 45.6 мянган төгрөг,
- 2002 онд 156.2 сая төгрөг,
- 2003 онд 288.6 сая төгрөг,
- 2004 онд 1.8 тэрбум төгрөг,
- 2005 онд 11.5 тэрбум төгрөг,
- 2006 онд 16.9 тэрбум төгрөг,
- 2007 онд 13.7 тэрбум төгрөг,
- 2008 онд 10 тэрбум төгрөг,
- 2009 онд 4.2 тэрбум төгрөг,
- 2010 онд 19.6 тэрбум төгрөг,
- 2011 онд 63.1 тэрбум төгрөг,
- 2012 онд 91.9 тэрбум төгрөг,
- 2013 онд 130.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 2013 оноос бүтээгдэхүүн экспортод гарч эхэлсэн.
- 2014 онд 384 тэрбум төгрөг,
- 2015 онд 527.3 тэрбум төгрөг,
- 2016 онд 540.7 тэрбум төгрөг,
- 2017 онд 301.5 тэрбум төгрөг,
- 2018 онд 360.7 тэрбум төгрөг,
- 2019 онд 359.9 тэрбум төгрөг,
- 2020 онд 346.7 тэрбум төгрөг,
- 2021 онд 460.9 тэрбум төгрөг,
- 2022 онд 460.7 тэрбум төгрөг,
- 2023 онд 728 тэрбум төгрөг,
- 2024 онд 892.9 тэрбум төгрөг,
- 2025 онд есдүгээр сарын 5-ны байдлаар 634.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн" гэв.
Оюу толгой бусад бизнесийн адил үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх, өргөжүүлэхийн тулд зээл авч ирсэн. Тиймээс ямар ч бизнес эрхлэгч байгуулсан дэлгүүрээ, авсан машинаа, барьсан байшингаа өр гэж үздэггүйтэй адил Оюу толгой уурхай бол Монгол Улсын гадаад хөрөнгө оруулагчтайгаа хамтран барьж байгуулсан бизнес, ирээдүйдээ хийсэн хөрөнгө оруулалт.
видео:
https://www.facebook.com/100064382633728/videos/854029850746225
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!