Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо улс орноо ардчилсан нийгэмд шилжүүлэх хүчин чармайлт гаргасны төлөө хүртэхээр болсон билээ.
Гэвч түүний хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй байна.
Өчигдөр буюу Мягмар гарагт тэр Осло хотод хэвлэлийн хуралд оролцох ёстой байсан ч ирээгүй юм. Өнөөдөр Мачадогийн шагналыг гардуулах ёслол төлөвлөгдсөн боловч мөн ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Мачадо 2024 оны маргаантай сонгуулиас хойш нууц байдалд байгаа юм. Тэрбээр ихэвчлэн үл мэдэгдэх байрлалд цулгуй цагаан хананы өмнө бичүүлсэн дүрс бичлэгээ интернэтээр тогтмол цацдаг.
”Мариа Корина Мачадо өөрөө Норвегийн нийслэл Ослод ирэх аялал ямар хүнд хэцүү байх талаар өмнө нь ярьж байсан. Тиймээс бид түүнийг Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолд хэзээ, хэрхэн ирэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж Нобелийн шагналын хороо мэдэгджээ.
Мачадогийн гэр бүлийнхэн хэдийнээ Ослод ирээд байгаа юм байна.
Венесуэлийн эрх баригчид өмнө нь Мачадог эх орноосоо явбал “оргодол” гэж үзэхээ анхааруулж байжээ.
“Олон тооны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй тэр Венесуэлээс гарвал бид түүнийг оргодол гэж үзэх болно. Бид түүнийг төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон, олон нийтийг үймээн самуунд өдөөн турхирсан, терроризм үйлдсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа” гэж Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уиллям Сааб өнгөрсөн сард хэвлэлд ярьж байв.
Мачадо өмнө нь өөрийн дэмжигчдэд шагнал авсныхаа дараа Венесуэлд буцаж ирэхээ амлаж байжээ.
Тэрбээр хамгийн сүүлд нэгдүгээр сарын 9-ний өдөр Каракас хотод ерөнхийлөгч Николас Мадурогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд оролцож байсан юм.
Тиймээс Мачадо өнөөдөр шагналаа гардаж авбал сүүлийн бараг нэг жилийн хугацаанд анх удаа олны өмнө ил гарсан тохиолдол болно.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мачадо нэр дэвших эрхээ хасуулсан тул сөрөг хүчнээс Эдмундо Гонсалес өрсөлдөж байсан юм.
АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд Гонсалесыг сонгуульд ялсанд тооцсон ч Мадуро өөрийн ялалтыг зарлаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!