Уншиж байна ...

Б.Жавхлан: Зөвлөн туслах замаар ААН-ийн татварын өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас хэлэлцсэн асуудлууд болон гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр "Ерөнхий сайд өнөөдөр төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарт албан даалгавар өгсөн. Тухайлбал төсөв бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах, орлоготоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлэх, Хэмнэлтийн хуулийг нарийн чанд сахихыг үүрэг болгосон.

Зардлыг эрэмбэлэхдээ цалин, нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, онцгой байдал, эрүүл мэндийн салбарын зардлыг тэргүүнд ээлжид саадгүй санхүүжүүлэх үүрэг өгөгдлөө.

Мөн Хэмнэлтийн хуулийн дагуу шинэ жилийн арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгалын зүйлийг төсвийн мөнгөөр авахгүй заалтыг чанд мөрдөхийг үүрэг болгосон. Тэвчиж болох бүх зардлыг хэмнэнэ.

Энэ жил Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 20 тэрбум төгрөг үлдсэн байгааг цас зудтай холбоотойгоор онцгой байдал болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны бэлтгэн танилцуулсан зардалд энэ онд багтаан гаргахаар болсон. 

Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүд болон яамд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 онд шилжүүлнэ.

Татвар дээр шок өгөлгүйгээр иргэд, ААН-үүдэд зөвлөн тусалж өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол Татварын хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээг шат дараатай авна.

Хуримтлагдсан өрөөс харвал уул уурхайн салбарын хэд хэдэн төрлийн татварын өр нэлээд хуримтлагдсан. Иймд уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт, татвар бууруулдаг асуудлыг цаашид зогсоох, хязгаарлах санал боловсруулан танилцуулахаар боллоо" гэв.

Эдгээр арга хэмжээ энэ сараас ирэх оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. 

Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан Намын бүлгээс өнгөрсөн сарын сүүлээр мэдээлэл хийхдээ татварын өршөөлийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм. 

Энэ мэдэгдлээс үүдэн татварын орлого бүрдүүлэлтэд ямар нөлөө гарч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан "Татварын орлого бүрдүүлэлтэд хүндрэл учирч буй энэ үед топ аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байгаа. Ялангуяа топ 10 аж ахуйн нэгж ямар нэг татварын өргүй. Зарим нь арванхоёрдугаар сард ногдох татвараа түрүүлээд өгөхөд ч бэлэн байгаа. Үндэсний хэмжээний хариуцлагатай татвар төлөгчид байгааг хэлэх ёстой.

Татварын өршөөл үзүүлнэ гэсэн сэдлээс болоод татвар төлөхгүй хойшоо сууж байгаа аж ахуйн нэгжүүд нь дүүргүүд болон хөдөө орон нутагт эмзэг тусаж байна. Ингэж олон нийтэд мэдээлэл өгсөн талууд онцгой анхаарч, эргэн харах байх гэж найдаж байна" гэлээ.

Видео:
https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/3815715798563216

 

Зураг
35 | 6 | 5 цаг