УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн хурлаар хоёр асуудлаар мэдээлэл сонслоо. Нэгдүгээрт, Татварын Ерөнхий Газрын тоо баримтыг сонссон. Яг одоо татвар дээр 320 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 6.5 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наяд төгрөгийн татварын өр байсан бол жилийн дотор 6.5 их наяд төгрөг болжээ. Өнгөрсөн жил 50 мянган аж ахуйн нэгж өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгдсэн, 220 мянган иргэн татварын ямар нэгэн асуудалтай байна. Тэгэхээр эндээс бизнесийн орчин хэр муудаж, татвар төлөлт хэр багасаж байгаа нь харагдах байх.
Яагаад өнөөдөр АН-ын бүлэг дээр татварын мэдээлэл сонссон бэ гэхээр, би Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд саяны тоо баримтуудаас харахад тодорхой хэмжээнд татварын өршөөлийн тухай асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна. Гаднын улсуудад 10 жилийн давтамжтайгаар энэ асуудлыг эргэж хардаг жишиг байдаг юм байна. Тэгэхээр энэ асуудлыг ярих цаг болсон гэж үзээд хуулийн төсөл боловсруулж байгаагаа хэлье.
Ингэхдээ энэ дээр том аж ахуйн нэгж, том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай болох байх. Магадгүй эдийн засгийн өршөөл, татварын өршөөлд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг түлхүү хамруулах нь зүйтэй болов уу.
Гуравдугаарт, татварын өршөөл нэрээр 100 хувь өршөөлд хамруулахаар татвараа төлж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироодог тал байдаг. Тэгэхээр 100 хувь биш тодорхой хувиар хуримтлагдсан татварын өрөөс хөнгөлөх зэрэг боломжуудыг судалж байгаа.
Ер нь эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэдэг бодлого барьж ажиллаж байгаа.
Мөн Тамхины хяналтын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр олон асуудал гарах байх. Сонирхуулахад, одоо нэг хайрцаг янжуур тамхинд 800 орчим төгрөгийн онцгой албан татвар төлөгддөг юм байна. Энэ нь ойрын таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдэн 10 мянган төгрөгт хүрнэ. Ойролцоогоор 4-5 мянган төгрөгийн үнэтэй байсан янжуур 15-20 мянган төгрөг болно гэсэн үг. Тамхины татвар нэмэгдэж байгаа нь сонсоход сайхан ч хуурай хууль болж, бусад төрлийн мансуурал руу иргэдийг түлхэх, хууль бус худалдааг өөхшүүлэх вий гэдэг болгоомжлол гишүүдийн зүгээс гаргасан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!