Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны гишүүд зээлийн хүүг тухайн үед ямар үндэслэлтэйгээр санал болгож байсан талаар гэрчүүдээс тодруулав.
Энэ талаар С.Баярцогт "Тухайн үеийн зээл хамгийн хүнд нөхцөлд олдсон. Монгол Улс олон улсын гадаадын зах зээлээс мөнгө босгох туршлагагүй байсан. Дандаа олон улсын хөгжлийн банкнуудаас зээл авдаг байсан. Монгол тухайн үед олон улсын валютын сангийн хөтөлбөрт орчихсон. Дотооддоо орлогогүй, манай зээлжих зэрэглэл гадна зах зээлээс мөнгө босгох ямар ч бололцоогүй байсан учир бид энэ мөнгийг хөрөнгө оруулагч тал босгооч ээ гэх хүсэлт тавьсан.
Иймд бид харилцан тохиролцож энэ хүүг авсан. Энэ хүү 30 жил явж болохгүй гэдгийг тэр даруй ойлгоод гэрээний дараа шууд хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрээр 2011 оны зургаадугаар сарын 8-нд LIBOR+6.5% болгосон. Үүний үр дүнд хүү нь 3.9 хувиар шууд буулгасан. Өмнө нь дундаж хүү нь 12 хувь байгаад байсныг буулгаж эрс сайжруулж байсан. Уул уурхайн мөчлөгөө хараад долоон жил тутамд буюу үнэ өсөх, буурах үед хүүгээ байнга ярьдаг байх саналыг тавьж байсан" гэв.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8% байсан бол сүүлийн 3 жилд 10% давж, харин хамгийн багадаа 6.5% байсан байна.
Зээлийн бүтэц нь SOFR (LIBOR)+6.5% буюу дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлээс хамаарч хувьсдаг хөвөгч хүүтэй.
Инфляц өсөхөд арилжааны банкны зээлийн хүү өсдөг зах зээлийн зүй тогтол бий. Үүний адилаар LIBOR/SOFR нь зах зээлийн зарчмаараа өсөж, буурдаг хувь юм. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш.
Хүү эрсдэлийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд Хувь нийлүүлэгчдийн зээл өндөр эрсдэлтэй зээл. Учир нь ямар нэгэн барьцаа болон батлан даалтаар баталгаажаагүй, эргэн төлөлтийн хугацаа тодорхой заагаагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!