Украины дайн, Путиний түрэмгийллийн тухай сэдвээ түр хойш тавиад шал өөр, орчин үеийн, гэхдээ сонирхол татахуйц нэгэн нийтлэл ардчилал ба гадаад харилцаатай холбон бичсэнээ толилуулахыг зөвшөөрнө үү. Өнөөдөр чинь манайд бол Ардчиллын баярын өдөр, дэлхийд бол Олон улсын хүний эрхийн өдөр билээ. Энэ баярт өдрийн халуун мэндийг Лондонгоос өргөн дэвшүүлье.
Ливерпүүл хотод зочилсон бүхэн “The Beatles”-ийн хөшөөн дээр хүндэтгэл илэрхийлэх, сонирхохоор очдог. Орчин үеийн дэлхийн Рок & Поп хөгжмийн урлагийн нэгэн тод од болсон энэ хамтлаг манай Монголын ардчилалд их хувь нэмрээ оруулсан юм л даа. Амьд гэрч нь би болон миний үеийн хотын сэхээтнүүд байна.
Эртний түүхт Чингисийн Монгол 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсэн, улмаар 1963 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг, “The Beatles”-ын эх орон Их Британи Улс барууны улс орнуудаас анх удаа манай улсыг хүлээн зөвшөөрсөн цагаас эхлэн манай улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж эхэлжээ.
Гадаад харилцааг манай эх оронч дипломатууд эрчимжүүлж, монголын оюутнууд Зөвлөлтөөс цааш Зүүн Европын орнуудад оюутнууд олноор суралцаж, манай урлаг соёлынхон зөвхөн Зүүн Европ төдийгүй Барууны улс орнуудаар аялан тоглох болсон зэрэг нь тэдэнд хүчтэй нөлөөлжээ. Чухам тэртээ 1960-аад он, 1970-аад оны эхэн үеийн дипломатчид, оюутнууд, урлаг соёлынхон барууны соёлыг Монголд авчирсан анхны түүчээлэгчид юм. 1970-аад оны эхэн үеэс гадаадад үйлдвэрийн дадлага хийсэн ажилчин, албан хаагчид ч хувь нэмрээ бас оруулсан. Тэд бараг толгой дараалан “The Beatles”-ыг, барууны соёлыг талархагчид байжээ. Энэ соёлыг дагаад ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай анхдагч ойлголтууд орж ирж байсан хэрэг.
1960-1970-аад оны хүүхэд залуучууд “The Beatles”-ыг, барууны соёлыг талархагчид, одоогийнхоор бол энэ “зөөлөн хүчин”-ий нөлөөг хамгийн анх хүлээн авагчид, цааш цааш нь түгээгчид, дамжуулагчид юм. Чухам үүний нөлөөгөөр 1980-аад оныхон араас нь цэнэглэгдэж, монголчууд 1990 оны Ардчилсан хувьсгалыг хүлээн авахад сэтгэл зүйн хувьд боловсрон бэлтгэгдэж байжээ гэж би боддог.
АНУ Монголд дайрч орж ирээд социалист бүтээн байгуулалтыг нь эрлийзүүдээр нураалгачихсан гэдэг тэнэгдүү ойлголтын эсрэг би бичиж байна л даа. АНУ-аас хамаагүй өмнө нийслэлийн төвийн залуус барууны соёлд нэвт цохиулчихсан байсан юм шүү дээ.
Чухам иймийн учир ардчилал, эрх чөлөөг Монголд авчрахад домогт "The Beatles” үнэт хувь нэмрээ оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч монголчууд бид тэдний хөшөөг нийслэл хотынхоо төвд сүндэрлүүлсэн анхны улс үндэстэн юм. Казахстаны Алматы хотод тэдний хөшөө байдаг боловч энэ хот бол нийслэл нь биш юм. Харин бид нийслэлийнхээ төвд.
Манайхан хөшөө дурсгал босгосон нь сайн үйлс мөн боловч уг хөшөөний хэлбэр хийц урлаг талаасаа үнэхээр гологддог. Миний өнцгөөс, урлаг ойлгодог, уран зураачийн хувьд би тэгж үздэг, өршөөгөөрэй.
Энэ улаан туйпуун хөшөөг хараад гадаад дотоодын хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Энэ хөшөө бол урлагийн хэлээр “Бүдүүлэг натурализм” гэдэг ангилалд багтах байх. Маш сайхан байрлалд тун буруу шийдэл гаргасан. Уг хөшөө нь урд талаас нь харахад цаана нь байгаа “Номин” их дэлгүүрийн фасаадыг хаадаг. Нөгөө талаас нь харахаар Циркийнхээ барилгыг хаадаг. Аливаа хөшөө дурсгал уран баримал нь хот байгуулалттайгаа уялдаж, аль ч цэгээс нь харсан цаана байх объекттойгоо уялдан зохицож байх ёстой орон зайн гурван хэмжээст объект, уран тансаг байх ёстой урлаг юм. Хөшөө дурсгал бол хүндэтгэлийн нэн чухал хэлбэр юм. Хүн төрлөхтний бүтээсэн үнэт зүйлс юм. Бид соёлт ертөнцийн нэг хэсэг гэдгээ хөшөө дурсгалд хэрхэн хандаж байгаагаараа харуулах хэрэгтэй. Үүнийг бид маш сайн бодох ёстой.
Иймд би бээр, уран сайхны гүйцэтгэл төгс, маш сайхан хөшөө болох Ливерпүүл хот дахь "The Beatles”-ийн хөшөөний хувилбарыг зохих хууль дүрмийн дагуу Монголд авчирч босгох тухай санал дэвшүүлж байна.
Хөшөө дурсгалын хувилбарыг өөр улс орон, хот сууринд зохиогчийн эхийн хуулийн дагуу хуулбарлан босгосон жишээ олон байдаг. Би Ливерпүүл хот дахь энэ хөшөөн дээр очих болгондоо үүнийг нийслэл хотдоо хувилж залбал мөн сайхан аа гэж боддог юм.
Одоохондоо ямар ч улс, хот Liverpool-ийн “The Beatles”-т ийм санал тавиагүй байна гэж GPChat хариулж байна. Бидэнд тийм боломж байгаа юм биш биз? Ямаршуу үнэ цэнтэй юм бол? Хэрэв би үүнийг өөрийнхөө хэмжээнд судлаад, боломжтой хариу сонсвол манайхан энэ саналыг дэмжих болов уу? Уншигч Та санал бодлоо илэрхийлбэл их баярлана.
Жич: Миний санааг зураг болгон хэлбэржүүлж өгсөн зураач, дизайнер Ж.Баатар дүүдээ гүнээ талархъя.
Зураач Тодын Отгонбаяр
Лондон хот. 2025.12.10
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!