Уншиж байна ...

Өнөөдөр хүүхдийн сошиал медиа хэрэглээг хориглосон дэлхийн анхны хууль Австрали улсад үйлчилж эхэлж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагаас эхлэн Австрали улсад олон сая хүүхэд сошиал медиа платформуудыг хэрэглэх эрхгүй болж байна.

16 хүртэл насны хүүхдүүдийг алгоритмын хорт зуршил, онлайн хүчирхийлэл, дижитал дээрэлхэлтээс хамгаалах зорилготой энэ хууль дэлхийд анхных юм.

Дэлхийн өөр аль ч улс ийм эрс шийдэмгий арга хэмжээ авч чадаагүй тул орон орны хууль тогтоогчид Австралид өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Хуулиар хориглогдсон 10 сошиал платформын ихэнх нь Австралийн хуульд нийцүүлэн хүүхдийг насаар нь таних хяналтын технологийг нэвтрүүлжээ.

Гэхдээ хоригт орсон Instagram, Facebook, Threads, Snapchat, YouTube, TikTok, Kick, Reddit, Twitch, X платформуудыг эзэмшигч компаниуд авсан арга хэмжээ нь хүүхдүүдийг аюулаас хамгаална гэдэгт итгэлгүй байгаагаа нуухгүй байна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз энэ өдөр улс орных нь хувьд “бахархлын өдөр” болж буйг мэдэгджээ.

“Өнөөдөр бол Австралийн гэр бүлүүд технологийн том компаниудаас эх мэдлээ буцаан авч байгаа өдөр юм. Тэд хүүхдүүд нь хүүхдээрээ байх, эцэг эхчүүд амар амгалан амьдрах эрхийг нэхэж байгаа” гэж тэр өнөөдөр өглөө ABC сувгаар ярьсан юм.

Гэхдээ авсан арга хэмжээ нь “тийм амархан хэрэгжихгүйг” Албаниз хүлээн зөвшөөрчээ.

Хуулийн дагуу сошиал медиа компаниуд 16 хүртэл насны хүүхдүүдийн өмнө нь нээсэн хаягийг идэвхгүй болгож, шинэ хаяг нээхээс урьдчилан сэргийлэх ёстой. Хэрвээ зөрчвөл 49.5 сая австрали долларын ($32 сая) торгуулиар шийтгүүлэх юм.

Харин хоригийг зөрчсөн эцэг эхчүүд, хүүхдүүд ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Хүүхдүүдийн насыг шалгахдаа платформууд энэ оны эхээр Австралийн засгийн газрын туршсан “The Age Assurance Technology” системийг ашиглаж байгаа.

Энэ нь видео сэлфи, имэйл хаяг, албан ёсны бичиг баримт зэрэг аргуудаар насыг баталгаажуулдаг юм.

Австралийн эрх баригчид авсан арга хэмжээгээ хүүхдүүдийг бодит ертөнцтэй илүү их ойртуулж, сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндийг нь сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа.

“Хүүхдүүд илүү их унтаж байгаа эсэх, илүү их хүмүүстэй харилцаж байгаа эсэх, сэтгэл гутралын эсрэг эм бага хэрэглэж байгаа эсэх, илүү их ном уншиж байгаа эсэх, спортоор хичээллэж, гадаа тоглож байгаа эсэхийг бид хянах болно” гэж Австралийн засгийн газрын цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан комиссар Инман Грант өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьжээ.

Стэнфордын Их сургуулийн Сошиал Медиа Лабораторийн зургаан мэргэжилтэн түүний багтай хамтран ажиллаж, хуулийн хэрэгжилтийн талаар тоо баримт, мэдээлэл цуглуулах гэнэ.

Ингэж цуглуулсан мэдээллийг АНУ, Их Британи, Австралийн 11 эрдэмтнээс бүрдсэн хараат бус Эрдмийн Зөвлөл хянаж, холбогдох зөвлөмжийг засгийн газарт танилцуулах ажээ.

 

Эх сурвалж: CNN

 

Зураг
29 | 5 | 3 цаг