УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээртэй холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороог байгуулах санаачилгыг Улсын Их Хурлын 40 гишүүн гаргасан байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг судлан шалгаж, хэрэв Монгол Улсад ашиггүй байх нөхцөлөөр тогтоосон бол түүнийг яаралтай шинэчлэн шийдвэрлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгааг төсөл санаачлагч танилцууллаа.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх талаарх асуудлыг хянан шалгаж тогтоосноор манай улсын экспортын орлогыг оновчтой төлөвлөх боломжийг зөв тодорхойлох нь нэн чухал хэмээн гишүүд үзжээ.
Энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгаа бөгөөд тус гэрээн дэх нүүрсний үнэ хэт хямд байгаа нь нэлээн анхаарал татаж байгаа гэв.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн байна.
Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!