Уншиж байна ...

Д.Ганбат: Харбины гэрээг шалгах түр хороо байгуулахыг хойшлуулах улайрсан хүсэл сонирхол байгаа нь харагдлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хоёр сарын өмнө Харбины гэрээ буюу Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, нүүрс гаргах, Тавантолгойн асуудлыг түр хороо байгуулж шалгая гэдэг асуудлаар 40-өөд гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байна.

Хуульд нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд хоёр түр хороо байгуулж ажиллаж болно гэж заасан байдаг. Бид энэ намрын чуулганаар хоёр дахь түр хороог байгуулах хүсэлтэй ажиллаж байгаа юм.

Гэтэл Ухаа худагийг шалгах түр хороо байгуулах саналыг Эдийг засгийн байнгын хороогоор хэлэлцээд өнөөдөр чуулганаар оруулж ирж, хэлэлцүүллээ. Энэ түр хороог байгуулах асуудлыг Л.Оюун-Эрдэнэ гишүүн санаачилсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ингээд гурван удаа санал хураалт явуулаад гурвууланд нь дэмжсэнгүй. Уг нь нэг л удаа санал хураалт явуулдаг. Гэвч Харбины гэрээг шалгах түр хороо байгуулахыг хойшлуулах улайрсан хүсэл сонирхол байгаа нь харагдлаа.

Жилийн өмнө байгуулсан Харбины гэрээг бид одоо засаж, залруулах боломжтой. Монголын ард түмэнд ашигтай байдлаар өөрчлөх боломжтой гэрээ юм. Иргэдийн болон зарим гишүүний ярьж байгаагаар хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ болсон гэж байгаа. Энэ нь манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Гурвын гурван удаа санал хураалт явуулсны эцэст Ухаа худаг болон оффтейк гэрээнүүдийг хянан шалгах түр хороог УИХ дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг таван жил хашихдаа байгуулсан оффтейк гэрээнүүдийг өөрөө шалгах нь зөв үү гэдэг асуулт. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд орж болохгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө байгуулсан асар өндөр дүнтэй нүүрсний гэрээгээ өөрөө шалгах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил юм. Тэр хүн бүрэлдэхүүнд нь орж болохгүй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ажлын хэсэг байгуулсан. Энэ нь Ухаа худагийн шалгах ажлын хэсэг. П.Мөнхтулга гишүүн ахалж байгаа. Энэ ажлын хэсэг нь ажилдаа ороод, холбогдох материалуудаа татаж аваад, шинжээчдээ ажиллахыг хүлээж байгаа. Шинжээчдийн цалин дээр гацсан байдалтай байгаа гэсэн.

Тиймээс УИХ дээр энэ ажил давхардах нь. Ажлын хэсэг гарсан байхад хянан шалгах түр хороо байгуулах гээд байгааг гайхаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр ажлын хэсэгт ороод ажиллах бүрэн боломжтой.

Одоо Харбины гэрээ буюу 250 мянган тонн нүүрсийг яагаад хямд борлуулах гэрээ хийв гэдгийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

2024 оны хоёрдугаар сард Эрдэнэс Тавантолгойн БЭТ Ж.Ганбат гэдэг хүн тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд нүүр худалдаалах гэрээ ямар байгуулах явц ямар шатандаа явааг тайлагнасан гэх мэдээлэл бий. Тэр мэдээлэлд “Нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг Чайна Энержи хүлээн зөвшөөрөөд байна. Гэхдээ айлын тал энэ үнээс 5 хувь хөнгөлөөч гэдэг санал тавьж байгаа” гэсэн байна.

Ийм хэлцэл явагдаж байсан хэр нь яагаад 57 ам.доллар болчхов гэдэг асуудлыг бид тавиад байгаа. Өнөөдөр нүүрс биржээр 120 орчим ам.доллароор зарагдаж байгаа гэж сонслоо. Тэгэхээр 5 хувийн хөнгөлөлт үзүүлээд 114 ам.доллароор зарах боломж бидэнд байж. Бид энэ том гэрээний дүнд өөрчлөлт оруулахын төлөө явах ёстой.