Уншиж байна ...

Өмнөд Солонгос улс 195 ширхэг хуягт машин, танк Перу улсын армид нийлүүлэх гэрээг байгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Польш улсын армид нийлүүлсэн Өмнөд Солоносын K2 танк

Өмнөд Солонгос улс нийт 195 ширхэг хуягт машин, танк Перу улсын армид нийлүүлэх гэрээг өчигдөр байгуулжээ. Энэ нь тус улсын хувьд Латин Америкийн зах зээлд байлдааны зэвсэг техник нийлүүлэх хамгийн том гэрээ болж байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын өгсөн мэдээллээр Перу улсын зэвсэгт хүчин 54 ширхэг K2 тулааны танк, 141 ширхэг хуягт машин худалдаж авахаар болжээ.

Эдгээрийг Өмнөд Солонгосын зэвсэг үйлдвэрлэгчид Перу улсын төрийн өмчит үйлдвэртэй хамтран нийлүүлэх юм байна.

K2 танкийн хувьд анх удаагаа Европоос өөр тивийн зах зээлд экспортлогдох гэж байгаа нь энэ ажээ.

Перу улсын нийслэл Лимад болсон гарын үсэг зурах ёслолд Өмнөд Солонгосын засгийн газрын харьяа Батлан Хамгаалах Худалдан Авалтын Хөтөлбөрийн захиргааны тэргүүн оролцсон байна.

“Перу улсад хуурай замын зэвсэг техник нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулсан хоёр улсын төлөөлөгчдөд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Энэ нь манай хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулах боломж болно гэдэгт найдаж байна. Перу улс зэвсэгт хүчний чадавхаа бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд Солонгосын батлан хамгаалах системийг сонгосон нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны харилцан ашигтай загварыг бий болгох ач холбогдолтой юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Зураг
29 | 6 | 4 цаг