"Анх ил уурхайгаа үр ашигтай ажиллуулаад гүний уурхайгаа санхүүжүүлэх байсан ч геологийн хүндрэл, үнийн өсөлт зэргээс үүдэж зардал нэмэгдсэн"
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр С.Баярцогт "Олон гишүүд "Би дэмжээгүй, эсэргүүцэж байсан" гээд худлаа яриад байна. Баримт байгаа шүү дээ. Засгийн Газарт эрх олгосон 57-р тогтоолыг хэлэлцэхэд 49 хүн оролцсоноос 31 хүн дэмжиж, 17 хүн татгалзсан. Энд сууж байгаа бүх хүн Засгийн Газарт эрх олгоод 34 хувиа ав гэдгийг дэмжсэн.
Анхны гэрээний хөрөнгө оруулалтын дүн 5.1 хувь байсан. Ил уурхай нь 20 хувь, далд уурхайн нь 80 хувь байсан. 2011 онд 5.1 хувьтаа багтсан хөрөнгө оруулалтаа хийгээд 20 хувийн ил уурхайгаа ажиллуулаад эхэлсэн. Энэ уурхайгаа найман жил үр ашигтай ажиллуулаад тэр гарсан мөнгөөрөө гүний уурхайгаа санхүүжүүлээд явна гэсэн анхны төсөөллийг хийж түүн дээрээ үндэслэж ТЭЗҮ хийсэн.
Гэтэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн, үнийн өсөлт бий болсон гээд зардал нэмэгдээд эхэлсэн.
Чингис бондыг маш бага хүүтэй босгосон нь Оюу толгойн гавьяа байсан. Тэр үеийн нөхцөл байдлаа ойлгож ярих хэрэгтэй байна. Өнөөдөр байгаа юм шиг асуудалд хандаад байж болохгүй" гэв.
Оюу толгойн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж, олборлолт эхэлснээр эрсдэл тодорхой хэмжээнд буурсан байна. Гэхдээ чулуулгийн бүтэц ямар байхаас шалтгаалах гэх мэт тодорхой эрсдэлүүд байнга дагасаар байдаг аж. Монгол Улсын хувьд ч геополитикийн нөхцөл байдал, цахилгаан болон дизель түлшний хамаарал гэх мэт бодит эрсдэлүүд бий. Энэ бүгд дээр олон улсын хэмжээний зээлийн хүүгийн түвшин үндэслэж байдаг ба энэ нь олон улсын жишиг, шинэ зүйл биш гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
