Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн секивакэ Аонишики Данило Явгушиний ялалтаар өндөрлөлөө.
Ийнхүү 21 нас 8 сартайдаа макүүчи буюу Дээд зиндаанд түрүүлснээр Асашёорюү Д.Дагвадоржийн 22 нас, 1 сартайдаа Эзэн хааны цом хүртсэн амжилтыг эвдэв.
Ажигава дэвжээний сүмоч сүүлийн хоёр өдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн болон озеки Котозакүра нарыг ялснаар 12 даваа, 3 унаатай болсон юм.
Харин ёкозүна Оносато гэмтлийн улмаас тэмцээний сүүлийн өдөр дэвжээнд гараагүй. Ингэснээр түүнтэй барилдах байсан Хоошёорюү мөн 12 даваа, 3 унаатай болсон юм.
Улмаар хоёр бөх нэмэлт барилдаанаар аваргын хувь заяаг шийдсэн. Шийдвэрлэх барилдаанд украин залуу аваргыг ялснаар Дээд зиндаанд анх удаа түрүүллээ.
Аваргыг ялж Эзэн хааны цом хүртсэн Аонишики хоёр ч тусгай шагнал хүртэв. Дээд зиндаанд орсон цагаасаа хойш дөрвөн тэмцээн дараалан 11:4 амжилт үзүүлсэн тэрбээр шинэ оны эхний тэмцээнд озеки цолтой барилдах магадлал өндөр байна.
Мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь том цолыг авч буй 257 дахь бөх болно.
Ажигава дэвжээнээс Эзэн хааны цом хүртсэн анхны бөх болжээ. Түүнчлэн тус цомыг зургаа дахь орны бөх болж байна. Өмнө нь АНУ, Монгол, Болгар, Эстони, Гүржийн бөх түрүүлж байв.
2023 оны есдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн украин залуу 9 тэмцээний дараа буюу 2025 оны гуравдугаар сараас цолтой бөх болсон нь рекорд юм. Улмаар гурван тэмцээний дараа секивакэ цолтой болсон билээ.
Монгол бөхчүүдээс маэгаширагийн зүүний №2 дахь бөх Киришима Б.Лхагвасүрэн 11:4 амжилтаар цол ахих нь тодорхой болов. Түүнчлэн дайчин барилдааны шагнал хүртсэнээр долоо дахь тусгай шагналын эзэн болжээ.
Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох жүрье зиндаанд 10:5 амжилт үзүүлснээр ирэх тэмцээнд Дээд зиндаанд дэвших болзлоо биелүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!