ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Physical Asia: Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр гэр бүлтэй эсэхийг орон орны үзэгчид сонирхож байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нэтфликсийн “Physical: Asia” шоу дэлхийн олон орны үзэгчдийн анхаарлын төвд байгаа билээ. Тэр дундаа энэ шоунд оролцож буй найман улсын нэг болох Монгол улсын багийн гишүүд гаргасан амжилт, хувь хүнийхээ сэтгэл татам байдлаар үзэгчдийн дунд нэлээд алдаршаад байгаа.

Дэлхийн таван улсын зах зээлд англи хэлээр гардаг Америкийн International Business Times (IBTimes) онлайн сонины Их Британийн хувилбарт өчигдөр “Монголын багийн ахлагч Баярсайханы Орхонбаяр гэж хэн бэ? Тэр гэр бүлтэй юу?” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ.

Энэ өгүүлэлд Орхонбаярын хүч чадал, дүр төрх, ухаалаг, даруу байдал хэрхэн орон орны үзэгчдийг байлдан дагуулж байгаа талаар бичсэн байна.

Мөн сошиал ертөнцөд түүний гэр бүлийн байдлыг сонирхсон хэлэлцүүлэг өрнөж байгаа талаар мэдээлжээ.

Австралийн багийн хүчтэн Эдди Жо Уиллямс өөрт нь гоёмсог цамц бэлэглэсэн Орхонбаяр болон түүний гэргий “Мөөгий” нарт сошиал хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн нь энэ талаар сонирхож байсан бүсгүйчүүдийн сэтгэлийг гонсойлгосон тухай дээрх нийтлэлд өгүүлсэн байна.

“Physical: Asia” шоуны сүүлийн гурван анги ирэх долоо хоногийн Мягмар гарагт Нэтфликс платформд нийтлэгдэх юм.

Одоо шөвгийн дөрөвт шалгараад байгаа Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багуудын нэг нь шоуны ялагчаар тодрох болно.

 

Эх сурвалж: ibtimes.co.uk