Украины эрх баригчид саяхан Оросын талд байлдаж байсан Энэтхэгийн иргэнийг олзолсноо мэдээлсэн юм.
Энэтхэгийн иргэдээс энэ дайны турш олзлогдсон анхны хүн тэр болсон байна.
Гужарат мужийн уугуул 22 настай Сахил Мажоти хоёр жил орчмын өмнө компьютерын инженер мэргэжил эзэмшихээр ОХУ-ыг зорьж байжээ.
Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт хилсээр гүтгэгдэн баривчлагдаж байсныг ээж нь баталсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Украины талын нийтэлсэн дүрс бичлэгт Мажоти хар тамхины хэрэгт шийтгүүлэхээс зайлсхийх зорилгоор Оросын армийн бүрэлдэхүүнд байлдахаар дайнд явснаа ярьжээ.
Энэтхэгийн гадаад хэргийн яам дээрх дүрс бичлэгийн мөрөөр шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.
Мажотигийн ээж Хасина Мажоти саяхан хүүгийнхээ талаар BBC агентлагийн Энэтхэг дэх сурвалжлагчид тодруулга өгчээ.
2024 оны нэгдүгээр сард ОХУ-д очсон Мажоти гурван сар Санкт Петербург хотод хэлний бэлтгэлд суралцсаныхаа дараа Москвагийн их сургуульд шилжиж байсан гэнэ.
Суралцах хугацаандаа тэр гал тогооны багаж хэрэгсэл хүргэх цагийн ажил хийж байжээ. 2024 оны дөрөвдүгээр сард хэн нэгэн түүний хүргэсэн илгээмжид хар тамхи шургуулсан байна.
Хасинагийн өгсөн мэдээллээр бол хүү нь олон сар хоригдсоны дараа шүүхээс долоон жилийн хорих ял сонсжээ.
Үүнээс хойш сураг тасарсан хүүгээ өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн дүрс бичлэгээс олж харснаа Хасина ярьсан байна.
“Тэр яаж Украинд очсоныг би мэдэхгүй байна. Дүрс бичлэгээс л олж мэдлээ” гэж тэр хэлжээ.
Украины талын нийтэлсэн дүрс бичлэгт Оросын эрх баригчид өөрт нь шоронд суух, дайнд явах хоёр сонголт тулгасан тухай Мажоти ярьж байсан юм.
Түүнд нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасны дараа суллагдах нөхцөл санал болгосон гэнэ.
Бас алба хаах хугацаандаа цалин авах боломжтойг амлаж байсан ч өнгөрсөн хугацаанд ямар ч мөнгө аваагүйгээ Мажоти ярьжээ.
Тэрбээр 2024 оны есдүгээр сарын дундуур 15 өдрийн бэлтгэлд хамрагдсанаас хойш жилийн дараа фронтын шугамд очсон гэнэ.
Удалгүй Мажоти командлагчтайгаа муудалцсаны дараа оргож яваад Украины талд олзлогджээ.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт дүрс бичлэг нийтлэгдсэний дараа Гужарат мужийн Терроризмтой Тэмцэх Алба түүний ээж, ах нараас мэдүүлэг авсан байна.
Сүүлийн байдлаар Энэтхэгийн 150 гаруй иргэн Оросын цэрэгт татагдсаны 12 нь амиа алдаж, 16 нь сураггүй болсон гэх тоо баримт бий.
Өнгөрсөн сард Энэтхэгийн засгийн газар хүчээр цэрэгт дайчлагдсан 27 иргэнээ шилжүүлж өгөхийг Оросын эрх баригчдаас шаардаж байлаа.
“Бид Энэтхэгийн иргэдэд Оросын армид алба хаах саналаас хол байхыг дахин хатуу анхааруулж байна. Ийм саналыг хүлээж авах нь амь насаа алдах өндөр эрсдэлтэй юм” гэж Энэтхэгийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч тухайн үед мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!